Хэлтэн халтрын эзэн Готовын Буриад
Готовын Буриад алдартын Хэлтэн хараа булаасан зузаан бор халтар морь байлаа. Эх нь Эрдэнэхайрханы Бэрхийн унаган гүү, эцэг нь Эрдэнэхайрханы Алтан багийн адуу. Даагандаа сургах гэж байгаад ташааг нь хэлтийлгээд хэлтэн нэртэй болжээ. Шүдлэн сумандаа тавд, хязаалан аман хүзүүдсэн. Соёолон түрүүлсэн. Нийлээд сумандаа гурав түрүүлсэн. Жил өнжилгүй айрагдсан. 1991 оны ардын хувьсгалын 70 жилийн ой, Завхан аймгийн баяр наадамд Ганцын давааны өвөрт уралдахад аман хүзүүдсэн. Тэр жил Алдархааны Мягмаржавын халиун морь түрүүлсэн. Соёолон алаг үрээ, хүргэн Лхагважавын ягаан үрээ хоёр бас айрагдсан. 1993 онд Завханы ойд дахин хэлтэнтэйгээ ирж морь хоёр хуваагдахад эхний морьдод зургаалсан. Аймагтаа ид сайн байхдаа хоёр удаа л ингэж уралджээ. Хэлтэн хээр толгой том, биерхүү, номхон дөлгөөн, уяа урттай. Сонгины олимп гэдэгт түрүүлээд мөрийд нь улаан даага байнд авсан. Энэ улаан морийг соёолон аймагтаа айрагдуулсан. 2003 оны Завхан аймгийн түүхт ойд хязаалан насанд өсгий цагаан халтар үрээ айрагдуулсан. Энэ хээр эх тал нь Завханмандал сумын удамтай Буриадын яг өөрийн унаган адуу. Дараа жил нь аймагтаа дахин айрагдсан. Буриад гуай сум ойрын наадамд хоёр алаг морь сайн давхиулдаг, их морийг хангаж сайхан уяна. Бага адуунд ч баараггүй. Сартуулын сайн гэх уяачдын нэг аргагүй мөн байлаа.
Энэ хүний хүү Биндэрьяа олон жил сайн наадсан. 2001 онд сумынхаа наадамд хул их насаа айрагдуулаад, аймгийнхаа баяр наадамд айрагдуулж, хул шүдлэн нь түрүүлсэн. Хул морь аймагт айрагдсан алаг морины эгч гүүнээс нь гарсан. Шүдлэн хул үрээ нагац Цэдэндамбаагийн унаган адуу.
Буриадын Биндэрьяа хойтон жил нь дахин Завхандаа шүдлэн түрүүлгэж энэ насыг уяж чадна гэдгээ баталсан бөлгөө. Халиун даага айрагдаж, халтар шүдлэн түрүүлсэн. Хоёулаа унаган адуу юм. 2012 онд Содномпэлжээгийн Энхжаргалын буурал их нас, хүрэн даага хоёрыг уяж Завхан аймагтаа айрагдуулж байжээ. Өвөг эцэг Намжилын Готов ч сайн уяач. Б.Биндэрьяа алдарт “Манай өвөөгийн хул морь суманд түрүүлж байсан гэдэг юм билээ. Лав миний мэдэж байгаагаар гурав дахь үе дээрээ уяач удам үргэлжилж байна... гэж ярив.