Домог, хууч яриа

Лхасүрэнгийн Мижиддорж

1996 оны улсын баяр наадамд хүрэн их нас айрагдуулсан Лхасүрэнгийн Мижиддоржийн ээж нь улсын баярт хурдан хээр морио гурав айрагдуулсан Шилүүстэй сумын уугуул З.Шаравхүүгийн садангийн хүн юм. Аав Лхасүрэн нь Завханы Отгон сумынх. Партизаны хааз хэмээх Даваагаас долоон настай хүрэн морь авч, хойтон жил нь улсад айрагдуулсан. Олон ч хүн уяж үзсэн морь юм.

Хүрэн морийг бага насанд нь манлай уяач Ц.Доржсүрэн ч уяж байсан, ирээдүйд домогт хурдан хээр морийг залгаж магадгүй гэж Түвдэн манлайгаас эхлээд нутгийнхан ярьдаг байжээ. Дараа нь шанаа Мөнгөнөө гэж хүн уяад улсад долоод оруулж байсан түүхтэй. 1996 онд Л.Мижиддорж худалдаж аваад цагдаа Цэдэвийн хүү Батнасан уяж  улсад айрагдуулсан.

Л.Мижиддоржийн хээр азарга 2001 оны өвөл Заамарт аман хүзүүдэж, Цээлд түрүүлж Их хурдын урилга гардаж авч байсан хүлэг. Энэ хоёр уралдаан одоогийн бол Дүнжингаравын зиндаанд яригдах статустай наадам. Хээр азарга 2004 оны Дүнжингаравт айрагдсан. Лүнгийн бариач Дэмбэрэл гэдэг хүнээс авсан, эх нь Маарын хээрийн удамтай, эцэг нь Өнжүүл хавийн адуу хэмээдэг. Авдрантын хорих хавьд уягдаж байсан хүрэн азарганы үр. Хөл мундаггүй азарга авч уяад 2001 оны өвөл хоёр том наадамд айрагдуулаад зун нь Их хурдын сунгаанд аман хүзүүдэж сайн байв. Хөл сайн болж өгөхгүй тул их наадамд уралдуулаагүй гэдэг билээ.