Домог, хууч яриа

Д.Дагвэдоржийн Салхин зээрд, согоо хээр морь

Монгол улсын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж Хэнтий аймагт 1997 онд болсон Өвгөн ноёны наадамд айрагдсан хоёр ч хүлгийг өөрийн болгов. Хязаалан айрагдсан Хэнтийн Баянмөнхийн улаан хэмээх Баяраагийн зээрд үрээг худалдан авсан нь Салхин хэмээх алдартай хурдан хүлэг болов. Энэ морийг авахаар явах замдаа чонотой таарч ихэд бэлгэшээсэн хэмээдэг. Салхин 1998 оны улсын баяр наадамд айрагдаад, Төмөр замын 50 жилийн том наадамд түрүүлсэн. Улсын баяр наадамд хоёр хадуурч, арав гаргаж буцаж ороод нэвт туулаад, үзүүр дээрээ үзэгчдээс үргэж хулгаад, Угтаалын Баасандашийн хул гэж азарган үрээ хажуугаар нь орж аман хүзүүдсэн түүхтэй.

Залгаад Баянцагаанд болсон төвийн бүсийн даншиг их наадмыг зорин очив. Энэ үед болсон нэгэн сонин тохиолыг өөрөө ингэж дурссан. Наадмын урд өдөр улсын алдарт уяач Ц.Жамбалсүрэн, Тагарваа хутагт, Д.Даваахүү, Д.Дагвадорж нарын зэрэг улс хамт сууцгааж байв. Жамбага “Би нутагтаа болж байгаа даншигт соёолонгийн бай дааж байгаа. Даншигт зориулж ааваасаа үлдсэн 50 лан мөнгөөр морь бүтээлгэсэн. Түрүү соёолонд өгөх юм. Өөрийнхөө хандгай хүрнээр авах санаатай байгаа...” гэж гэнэ. Тагарваа хутагт “Жамбага чи бүү баярх. Харин наад мөнгөн морио энэ саарал дээлтэй залуугийн өвөрт хий...” гэж гэнэ. Тэр нь Д.Дагвадорж байсан бөгөөд, хутагт түүнийг хурдан сайн соёолонтой гэдгийг мэдэхгүй ч ийм зөн хэлжээ. Маргааш нь үнэхээр хутагтын хэлснээр болж Д.Дагвадоржийн салхин зээрд түрүүлж, Жамбагын хандгай хүрэн аман хүзүүдсэн гэдэг.

Мөнхүү Хардэл бэйсийн даншигт соёолон айрагдаад, Алтан овоонд аман хүзүүдсэн Монгол улсын алдарт уяач Лхамжаагийн Мажигсүрэнгийн хээр морийг авсан. Өвгөн ноёны наадамд айрагдаж, 2005 оны үндэсний их баяр наадамд айрагдаад, Өвөрхангай аймагт болсон Өндөр гэгээний наадамд айрагдсан. Улсын баяр наадамд хадуураагүй бол түрүүлж ч мэдэхээр хурдан байсан юм гэдэг...