Содномцогийн хар азарга
Тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцогийн хурдан хар азарга. 1995 оны улсын баяр наадамд түрүүлж хасагдаад, Зүйлийн даншигт аман хүзүүдсэн алдарт хурдан хар азарга Бэгзсүрэнгийн хүүг улс даяар алдаршуулсан. Авсан наймаа ч, азарга нь ч аль аль нь дуулиантай.
Хурдан хар азаргыг авах гэж хэд хэдэн удаа оролдоод наймаа болж өгөөгүй гэдэг юм. Улсын наадмын өмнөх сунгаанд их хурдан байсан бөгөөд түрүүлээд үнэ өсч буцаад, улсын баярт дутуу эргэлтэд сайхан түрүүлж дахин үнэ өссөн байна. Үүний дараа Зүйлийн даншигт очихын өмнө 3 саяд үнэ тохирчээ. Зүйлийн даншиг Хорлоодойн Мягаа өөрийн нэрээр уралдуулна гэсэн учир бас л буцсан байна. Тэр жил улсад Зүүнбүрэнгийнхэн вагоноор морьдоо ачин ирж уралдаад Лхагвасүрэнгийн Төрбаярын сайхан улаан хээр шүдлэн улсад түрүүлсэн байв. Наадам дээр авахаар тохирч, намар хээр үрээг авахаар очтол Шаамарт уралдаад хөлгүй болсон байжээ. Улсын баярт айрагдсан Лхагвасүрэнгийн алдарт зээрэн зээрд их морь ч хөл муудсан байв. Буцахдаа Баруунхараад Д.Хорлоодой алдартай таарч дахин хар азарганы тухай яриа болжээ. Энд таван сая төгрөгөөр үнэ тохирчээ. Тухайн үеийн хоёр өрөө байрны ханшаар авчээ. Өвөл нь тэжээж Дэлгэрхааны том уралдаанд аман хүзүүдсэн. Хар азарга араас их нэхэж уралдаад монголын шилмэл хурдуудтай үзэж 548 азарганаас аман хүзүүдэв. Мөнгөнморьтын Батхуягийн халтар энд түрүүлсэн юм. Хар азарга уг нь 1977 оны улсын баярт хязаалан буурал, соёолон хар үрээ түрүүлгэсэн олонд “малгай” хэмээн алдаршсан Аюушийн азарга юм. 1993 оны Амарбаясгалантын хийдийн нээлтэнд Баруунбүрэнгийн Алексей хээр гэж хойноос орж ирсэн цэвэр азаргатай ана мана үзэлцэж аман хүзүүдээд, улсад түрүүлж, Есөн зүйлд аман хүзүүдсэн тухайн үеийн том наадам бүхэнд айрагдсан хурдан адуу даа.