Домог, хууч яриа

Егүзэр хээр

Дүүгүүрээ улсын баяр наадамд түрүүлгээд Б.Энхболд улсын начин Ц.Дуламсүрэнгийн хамт шууд Эрдэнэцагаан явж өндөр Болдоогийн хээр морийг авч ирсэн. Эрдэнэцагаан сумын унаган морь улсад түрүүлсэн нь хүн бүхний сонорт хүрээд байсан үе. Эрдэнэцагаан сумын наадамд түрүүлээд байгаа хээр морийг ч олон хүн гуйжээ. Бусад хүмүүсийн тавьж байсан саналын заримаас бага үнээр Б.Энхболдод өгсөн. Улсад их морь түрүүлгэсэн үүдтэй хүнд өгчихмөөр санагдсан ч гэдэг. Сүүлд улсад аман хүзүүдсэн дараа нь унаган эзнийг автомашинаар мялааж байсан даа. Эрдэнэцагааныхан нутгаасаа тодорч байгаа морьдод хутагтынхаа нэрийг өгч байя гэж нутгийнхан ярьдаг болсон цаг. Ингэж Егүзэр хээр нэртэй болсон. Ер нь Энхболд тодын морьд эхлээд зургаалдаг, дараа нь түрүүлдэг заншилтай. Дүүгүүр ч тэгсэн, Егүзэр ч тэгсэн. Авчирсан жилээ хивэгт оруулах гэж нэлээд юм болж. Хатуу толгойтой, барагтай хүн дийлэхээргүй хүдэр хадар морь. Дусал хийх гэж хөөрхөн дажин болно. Сайхан ч яваатай. Давхил андашгүй. Хэдэн ч мориноос арав дотор гарч ирнэ, сууна гэж байхгүй. 2008 онд Дүнжингаравыг хөтөлж байгаад зургаалж, үндэсний их баяр наадамд мөн зургаалав. Заамарын төвийн бүсэд аман хүзүүдэж анхны том наадмын айргийг эзэндээ амсуулсан. 2009 онд Дүнжингаравт (Нийслэлийн 370 жилийн ой Улаанбаатарын хурд нэртэй нэлээд том хэмжээнд зохиогдсон) дутуугаа гүйцээж түрүүлээд, Атарын 50 жилийн ой улсын бүсэд тавласан. Улсын баяр наадамд үзүүр уралдсаар Ховдын хээр морийг арай дийлэлгүй аман хүзүүдээд, Очирвааний хурдад аман хүзүүдсэн. Өвөл зуны дөрвөн том наадамд айрагдаж тухайн жилийн шилдэг их насаар өрсөлдөгчгүй шалгарсан юм. Егүзэр хээр сайхан сайвар алхана. Дүү гүүнээс гарсан төл улсад арав гаргаж хурдалж байлаа. Хэт монголдоод айрагдаж чадаагүй, уг нь ч явдаг шүү үрээ гарсан хэмээн эзэн нь дурсч байв.

Ар монголын ийм нэгэн сайхан түмэн эх 2011 оны улсын наадмаар уралдаж байгаа их наадмын тоосон дунд халин одсон билээ. Моринд хайртай олон монгол нулимс дуслуулсаан...Тухайн үед Б.Энхболдын адуу идээшилж байсан Заамарт хээр хүлгээ нутаглуулсан. Адууг нь харж байсан Адаацагийн гарлын залуугийнд хэдэн хонь ачиж очиж өгөөд, монголын нэгэн алдарт хүлгийг нутаглуулаад буцсан хэмээдэг.