Домог, хууч яриа

Алтан унаганы эзэн Даваагийн Нямдорж

Алтан унаганы эзэн, аймгийн алдарт уяач энэ хүн эцгийн хөдөлмөрч, ажилсаг зан чанарыг өвлөн авчээ. Би ер нь 1000 шахам адуу л өсгөсөн хүн дээ гэж бардам хэлдэг. 2022 онд 200 унага бойжуулж алтан унаганы эзэн болж байлаа. 13 наснаасаа морь уяж эхэлсэн. Баяннуурын Сантын овооны баярт хоёр морь уяж очоод хээр морь нь түрүүлж, шар халтар морь нь тавлаад, авга ах Жигжсүрэнгийн халиун аман хүзүүдэж, мөн авга Товуугийн хээр гуравт, авга ах Бат-Очирын алаг дөрөвт оржээ. Энэ таван морь бүгдээрээ аав Даваагийнх нь хурдан халтар азарганы үр байсан юм. 2002 онд Эрдэнэхайрханы 50 жилийн ойд хурдан хээр азарга түрүүлж иж планета авч байсан хүн. Хээр азарга Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын ой гээд эзэндээ таван планета авч өгсөн гэдэг. 2006 оны Говь-Алтайн даншигт хээр азарга, И.Золбоогийн сааралтай холбож уралдсаар зургаалж байжээ. Наадмын урд өдөр Д.Нямдорж уралдааны замыг үзээд унаач хүүхдэдээ “Энэ хэсэгт сүрхий үлийтэй юм байна татаж яваарай...” гэжээ. Морины хүүхэд захиасыг чанд биелүүлж үлийний хэсэгт татаж өнгөрөөгөөд хэдэн азарга өнгөрөөж араас нь тавиад зургаалсан юм.

Увсын Баруунтурууны Рагчаасүрэнгээс Сан адууны хүрэн даага авсан нь Нямдоржийн хүрэн гэж зартай хурдан азарга болов. 2006 оны Говь-Алтай аймагт болсон улсын бүсийн уралдаанд шүдлэн гуравт хурдалж хүрэн азарга нь зургаалсан. 2007 оны Түдэвтэйн ойд айрагдсан. 2009 онд хавчиг азарга Завхан аймагтаа түрүүлж, Очирвааний хурдад наймд хурдалсан байна. 2011 онд хүрэн азарга сумандаа хавар зуны хоёр наадамд айрагдаж, Ховд аймгийн 80 жилийн ойд түрүүлж УАЗ 469 машины түлхүүр гардсан. 2012 оны Баян-Өлгийд болсон улсын бүсийн уралдаанд аман хүзүүдэж, Завханы 90 жилийн ойд зургаалсан. Сумынхаа 90 жилийн ойд түрүүлсэн. 2014 оны Галдан бошигтын 370 жилийн ойн даншигт гуравт хурдалсан. Сантмаргацын нэгэн үеийн гурван хурдан азарга болох Пүрэвжалын Цогтбаярын хүрэн халзан гурав, Д.Нямдоржийн хүрэн гурав, Б.Баасанжавын хүрэн хоёр удаа улсын бүсийн уралдаанд айрагдсан юм.

2010 оны зун эдний буурал даага хоёр том наадамд түрүүлсэн юм. 2013 оны Завханы 90 жилийн ойд Сантмаргазын унаган Намхайн Мижидийн хээр гэж морь арав гаргаж хурдалж байсан нь нутаг унаган адууны хамгийн тэргүүнд ирсэн морь юм. Түүнээс яг арван жилийн дараа Даваагийн Нямдаваагийн халтар гэж унаган их морь Завхан аймгийн 100 жилийн ойд 16-д хурдалсан. Түүний урд жил Завхан аймгийн баяр наадамд айрагдсан морь юм.