Тэр жилийн зун
Хурдан морины нэртэй бөгөөд уншууртай сэтгүүлч Шарын Ганхуяг гэж ах бий. Морины хэдэн сайхан номтой. Одоо ч морины чиглэлийн юм бараг хийхээ больсон шиг байна. Уг нь ч мөн сайхан бичнэ шүү. Ардын эрхийн сэтгүүлч байхдаа Дөрвөлжин нутгийн унаган хүү Шагдарын Отгонбилэгийн талаар ингэж бичсэн юм. Энэ бичвэр зөвхөн морины тухай байсан нь олзуурхууштай.
...1997 оны зун зургаан сарын дундуур Орхон аймагт анх удаа очиж байв. Уяачид хурдан мориндоо богино давхил өгч эхэлжээ.
Эрдэнэт гэж цэвэрхэн тохилог хот юм. Хотын ойролцоо айлууд гүүгээ барьсан байна. Эрдэнэт хотоос урагшаа хэдхэн километрт сэргэлэн сайхан дэнж дээр олон морь уясан гэр, бүрхүүлтэй ногоон ЗИЛ-131, хоёр жип машин харагдана. Би Орхон аймгийн уяач Бадамдоржийн зуучилснаар энд ирж байгаа билээ. Энэ бол “Эрдэнэтийн” хэмээх Шагдарын Отгонбилэгийн уяа байсан юм. Том машины дэргэд Отгонбилэг уяачидтайгаа сууж байлаа. Би тэд нартай мэндлэн танилцлаа. Отгонбилэг бидний ярьдгаар "Экс цагаан” өмнөө тавьчихсан хүмүүст хундгалан барьж байв. Тэр үеийн төвийн зарим сонин дээр “Онгоц хөлөглөөд олддоггүй, баргийн хүнтэй уулздаггүй их зантай эр” гээд л бичигдэж байсан нөгөө эртэй ингэж тааралдав. Тэр цагаан цамцтай, хромон гутал өшиглөсөн харагдана. Бидний хоорондын яриа ингэж эхлэв.
- Би “Уяачийн нууц товчоон” гэдэг шинэ ном бичиж эхэлж байгаа юм. Таныг “Эрдэнэт” хурдан угшлын адуутай болохоор ажиллаж байгаа юм гэж сонсоод тантай уулзахаар ирлээ.
- Сонин санаа байна. Яахав ярилцаж үзье. Чамайг хэн гэлээ.
- Шарын Ганхуяг.
- За яахав ямар ч гэсэн танилцъя. Моринд дуртайн мөрт ялгаа юу байх вэ. Гэхдээ чамайг шалганаа хөө.
- Тэг тэг
- Хаана ажиллаж байсан гэлээ.
- “Ардын эрх” сонинд.
Тэр “Ардын эрх” сонины эрхлэгч Ц.Балдорж руу гар утсаар залган. Энд нэг нөхөр ирчхээд байна гээд миний тухай асуусанд Бал эрхлэгч
- Тиймээ наад хүндээ юу бодож санаж байгаагаа сайн хэлээрэй гээд миний тухай хэлж байгаа нь ойрхон суусан учир сонсогдож байв.
Тэнд байсан уяачид морьдруугаа явж, миний хамт явсан нөхөртэй гурвуулаа үлдэв. Отгонбилэг гуай тэнд байсан нэг залууд
-Алив цаанаасаа нэг юм дөхүүлдээ гэв. Тэнд байсан шил дуусаагүй ч танилцсаных гэж шинэ архи задалж байгаа.
Ингээд бид хурдан морь наадмын тухай ярилцаж суусаар хоёр шил экс-ийг хоосолж орхижээ. Тэр өөрөө уулгүй бидэнд хундагалж өгсөөр байв. Ингээд бид морины уяаруу очлоо. Тэнд улсын наадамд есөлсөн хар морь нь Сүхбаатар, Хэнтий, Завхан Орхон аймгийн гаралтай морьд байна.
-Тэрээр миний хар морь ямар байна гэв. Би жаахан халсан тул мэдэмхий нь аргагүй бурж гарлаа.
- Нилээд харшаатай зүдэргээтэй л байна даа.
- Тиймээ хавар хулгайд алдаад саяхан олж ирсэн юм. Нуруугүй болгоод балласан байгаа юм шүү. энэжилийн наадам ч өнгөрсөн байхаа.
- Ирэх жил сайн тордож байгаад үзэхгүй юу?
- Харин тийм. Энэ ер нь улсад айрагдах болов уу?
- Иймэрхүү уяатай хүчтэй бол ч барахгүй дээ. Харин эртхэн Даваахүү (манлай уяач) уяачид нэг хүргэвэл айрагдуулж болох адуу санагдаж байна.
- Даваахүү ч өөрөө надад нэг айрагдуулж өгье гэж байсан юм шүү. Бидний яриа улам сайхан өрнөж хэзээний танилууд шиг боллоо. Уяан дээрээс цаашаа явж хэсэг адуугаар оров. Хар ногоон голдуу хэдэн сайхан гүүтэй, цэвэрхэн товир, эрлийз адуу байх юм. Тэрээр маргааш үдээш хойш хөдөө байгаа миний азаргыг үзэх үү? хүнээр тэжээлгэж байгаа юм. Хойноос хоёр азарга оруулж ирсэн гэхэд нь Тэгье гэв. Бид гэрийн зүг алхаж явах замд Ганхуягаа өнөөдөр “Чи миний саарал морийг унаад сунгаан үзээрэй. Би Булганаас жороогоос өөр явдалгүй саарал морь авсан. Нэг их хурдан хонгор азарга авлаа. Тэгсэн лам Эрдэнэт уулын овоог хонгор адуугаар тахь гэсэн болохоор азаргаа өргөхөөс. Одоо нэг тийм адуу олж авна даа” гэж байлаа. Тэр хэн нэгэнд хандан Миний саарал морийг миний хазаараар хазаарлаад аваад ир гэв. Удалгүй саарал морийг авч ирэв. Отгонбилэг гуай хазаараа үзүүлж байна. Энэ хазаарыг надад манай үйлдвэрийн нэг хүүхэд сүлжиж өгсөн юм. Би түүнд сая төгрөг өгсөн дөө гэлээ. Хазаар үнэхээр сайхан эд байв. Цалин цагаан мөнгөөр сургүй сүлжиж хийжээ. Ингэж Монголын нэгэн сайхан хийморьтой золбоотой эртэй танилцаж билээ. Эмээл, хазаар, ташуур, морь гээд бүгд л эр хүний чимэг болсон сайхан эд байсан даа.
Харин тэр оройгоо Отгонбилэг гуай Улаанбаатар яаралтай орох хэрэг гарсан учир азаргыг нь үзэж чадаагүй.
Хойтон жил нь боллоо. Наадам болж монгол даяар дэгэж дэрвэж эхлэв. Тэр жил 1998 онд Орхон аймгийн наадам дээр түүнийг орос монгол хэсэг нөхдийн хамт наадам үзэж явахад нь тааралдав. Отгонбилэг гуай намайг яльгүй жаахан шогчилж за манай зохиолч сайхан наадаж явна уу” гээд хуучин танилын ёсоор уулзаж билээ. Одоо бодоход тэр хэнтэй ч нийцтэй сайхан сэтгэлтэй, олонтой нөхөрлөж явах дуртай хүн шиг санагдана. Магадгүй түүнийг эргэн тойрон хүрээлсэн долдой хүмүүс их ганцаардуулдаг байсан байх. Тэр үед миний анхны морины ном болох “Уяачийн нууц товчоон” номны эхний дэвтэр гарсан байлаа. Түүнд хоёр ширхэг ном өгсөнд дэргэдэх Оросууддаа тайлбарлаж байв. Намайг явах болоход буцах болоогүй бол орой уулзаарай гэж байсан. Тэр намар Өвөрхангай аймгийн Хархоринд анхны “Их хурд” наадам болов. Мөн тэнд тааралдаж мэнд мэдэлцэн бүс бүснээсээ барилцан наадмын болон Орхон аймгийн морьдын тухай ярилцаж байсныг санахад таатай байна. Хамгийн сүүлд Их Хурлын гишүүн болоод байхад нь уулзав. Засгийн газрын ордны баруун хойд хаалганы тэнд явж байтал нэг хар тэрэг зогслоо. Шо мөн л янзаараа инээд алдан бууж байгаа харагдана. Тэр миний мэндийн хариуд “Сайн сайн за манай зохиолч сайн уу? Тэгээд бүтээл өндөр биздээ" гэв. Бид гар барилцан байх тэр агшинд би бодож явснаа урсгаж гарлаа.
Юуны өмнө Их хурлын гишүүн болсонд баяр хүргэө?
- Баярлалаа баярлалаа
- Тантай уулзах гэхээр наагуур чинь байдаг хүмүүсийн шалгалтанд бүдэрчхээд байх юм. Одоо уулзсан дээрээ саналаа хэлье. Одоо “Уяачийн нууц товчоон “ номын хоёрдугаар дэвтрийг арай өвөрмөц маягаар хийх бодолтой байна. Мөн “Дэлхийн Монголчууд" сэтгүүлийн хоёр дахь дугаарыг гаргах гэж байгаа. Ёстой мөс долоохоос наагуур юм болж байна. Одоо л муу дүү хүүгээ дэмжээд өг. Би таны ачийг хариулнаа. Та ерөөсөө миний сэтгүүл ном хоёрыг дэмжээд өг. Би ямар ч байсан боломжтой ажиллана. Ивээн тэтгэгч Отгонбилэг гээд л явчихъя. Надад юм хийх санаа байна. Харин мөнгө бачимдаад байна гэлээ. Шо инээмсэглэн сонсож байснаа. Тэр мэдээж бололгүй яахав. Сэтгүүл чинь яаж гарах билээ.
- Улиралд нэг дугаар гаргах бодолтой байна.
- Чиний энэ маш сайхан санаа шүү. Энэ юм дуулгана шүү. Чи ерөөсөө төсөл хийгээд хүрээд ир, би ямар эндээс холдох биш гэлээ. Энэ уулзалт бидний сүүлчийн уулзалт байсан юм. Одоо энэ номыг Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн Уяачдын холбооны захиалгаар бичиж байна. Эрдэнэтийн овоо тахилгын наадам, хангайн бүсийн уралдаан гээд Эрдэнэт үйлдвэрт түүний хийсэн бүтээснээс гадна, олон ажилд түүний нэр холбоотой яригдаж байлаа. Эрдэнэтийнхэн “би Отгонбилэгийг байхад" энэ ажлыг ингэж, тийм ажлыг тэгж танилцуулаад дэмжүүлж бүтээж байсан гэж олонтаа дурсана. Тэгэхээр тэр их өргөн дэлгэр олон юманд хүртээлтэй, элбэг баян хүн байжээ гэж бодогдож байна. Миний хувиар Отгонбилэг гуайтай уулзаж явсан тухайгаа энэ номонд бичиж үлдээх ёстой. Яагаад гэвэл энд Эрдэнэтийн хурд, уяачид, танилцаж буй олон сайхан нөхдийн ажил үйлс бичигдэн үлдэж байгаа билээ...2003 он