Дотоод мэдээ

Галуудын сорилго барилдаан

Булганы бөхийн галын наадам зургадугаар сарын 23-нд болж Орхон сумын харъяат улсын начин Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Гурванбулаг сумын харъяат аймгийн хурц арслан Б.Очирхүү үзүүрлэж, Могод сумын харьяат аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Завхан аймгийн Ургамал сумын харъяат аймгийн арслан П.Өсөхбаатар нар их шөвгийн 4-т үлдлээ.

Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөхчүүд аймагтаа Уран дөш амралтын газар баяр наадмын бэлтгэлдээ гараад байгаа билээ. Зургадугаар сарын 27-нд Хөвсгөлийн галын сорилго барилдаанд 96 бөхөөс Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Цагаан-Үүр сумын харьяат аймгийн арслан М.Цэрэн үзүүрлэж,  гуравт Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир үлджээ.

Говь-Алтай аймгийн бөхчүүдийн галын сорилго Харзтайд болж 128 бөх барилдав. Төгрөг сумын харьяат аймгийн арслан Д.Эрдэнэтулга түрүүлж Эрдэнэ сумын харьяат аймгийн арслан Я.Бумбаяр үзүүрлэж Цээл сумын харьяат улсын гарди Ж.Бат-Эрдэнэ Увс аймгийн Хяргас сумын харьяат аймгийн начин Ц.Билэгсайхан нар шөвгийн дөрөвт үлдсэн байна.

Архангайн галын наадам долдугаар сарын 2-нд Ар согоотын аманд болж улсын харцага Сүхбаатарын Сүхбат түрүүлж аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал үзүүр булаав. Их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Отгонбаатар нар шалгарчээ.

Аварга клуб, Завхан дэвжээний залуу бөхчүүдийн Сорилго барилдаанд 24 залуу бөх 2 хэсэг болон тойргоор барилдаж дээд насанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын заан Э.Бат-Өлзий 9 даваагаар түрүүлж Сумын начин Б.Бумбацогт, залуу бөх Ч. Хүслэн 2, 3 байр эзлэв.

Найман шаргад гарсан Алдарын галын наадам дэвжээний барилдаанууд хийгдсэн. Уламжлалт том барилдаан нь өнөө жил зохион байгуулагдаагүй юм. Аймаг цэрэгт нь Д.Төрболд түрүүлж, цэргийн заан Х.Наранбаяр үзүүрлэж, сумын цолтонд О.Чадалбат түрүүлж, Баруунхараагийн Г.Төгсжаргал үзүүрлэв.

Баатар хан гарьд дэвжээний барилдаан зургадугаар сарын 30-нд Өвөр Жанчивланд болж аймгийн начин Б.Базарсад түрүүлж, аймгийн арслан Н.Баяржаргал үзүүрлэв.

Баян-Өлгий аймгийн галын сорилго наадам долдугаар сарын 2-нд болж улсын заан Б.Серик түрүүлж, аймгийн арслан М.Еркебулан үзүүр булаав.

Долдугаар сарын 3-нд Дундговь аймгийн галын сорилго наадам болж Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Өлзийт сумын харьяат сумын заан Бямбаагийн Пүрэвдаш үзүүр булаав.

Төрхурах дээр болсон Сэлэнгэ аймгийн бөхчүүдийн галын барилдаанд цэргийн заан Хангайн Наранбаяр түрүүлж, улсын начин Н.Баярбаатар үзүүрлэж, аймгийн заан С.Оргилбаатар, аймгийн заан О.Төрбат нар шалгарав

Мөн өдөр Их монголын хүчтэн дэвжээний барилдаан Түргэний ам “Тоорил ханы хүрээ” жуулчны баазад болж улсын гарди Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, аймгийн хурц арслан Оюунгэрэлийн Наранбаатар үзүүр булаав.

Долдугаар сарын 4-нд Өмнөговь аймгийн бөхчүүдийн галын наадам болж 32 бөхөөс аймгийн заан Сугирын Доржпалам түрүүлж, аймгийн арслан Төрмөнхийн Төгсдөлгөөн үзүүр булаав. Энэ хоёр бөх өнгөрсөн жилийн Өмнөговь аймгийн үзүүр түрүү юм.

Дархан-Уул аймгийн галын сорилго барилдаан мөн өдөр Зулзагын голд болж Б.Дэлгэрсайхан, Э.Бат-Эрдэнэ нарын галынхаа бөхчүүдтэй ирж 80 бөх барилдаж аймгийн хурц арслан С.Очирбат түрүүлж, аймгийн хурц арслан М.Төрбат үзүүрлэв. Гуравт аймгийн заан Ж.Бадрал, тавд аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн начин Нямсүрэнгийн Батмөнх нар шалгарав. 

Дорноговь аймгийн галын сорилго барилдаанд аймгийн арслан Б.Бадрал түрүүлж, аймгийн заан О.Түвшинтулга үзүүрлэж, аймгийн начин О.Зундуй, аймгийн начин Б.Батзориг их шөвөгт үлдэв. 

Долдугаар сарын 5-нд Харзтайд Увснуур галын сорилго нээлттэй наадам болж улсын харцага Т.Баасанхүү түрүүлж даян аварга Н.Батсуурь үзүүрлэж, их шөвөгт аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ гуравт шалгарч, аймгийн арслан Б.Нямсамбуу, аймгийн арслан Д.Цэнд-Аюуш, хурц арслан Цо.Мөнхбаяр нар шалгарав.

Долдугаар сарын 6-нд Дүнжингарав дэвжээний галын сорилго наадам Баруун дэлгэрийн аманд болсноор өнөө жилийн галын наадам отголох юм.