М.Данзаннямын ажнай хүрэн
Төв аймгийн Баянцагаан сумын харъяат, Монгол улсын анхны алдарт уяачдын нэг Мөнхийн Данзаннямын хүрэн азарга нь 1980 онд төрийн их баяр наадамд соёолон түрүүлж, 1985 онд азарга болсон хойноо айргийн гуравт хурдалж улмаар түүнээс хойш 1986, 1988, 1989 онуудад гурвантай түрүүлсэн түмэн эх билээ. Ийнхүү улсын их баяр наадамд 4 удаа түрүүлж, 1 удаа айрагдсан хүрэн азарганд “Ажнай” хүлэг цол хүртээсэн билээ.
Хүрэн азарга Төв аймгийн Баянцагаан сумын улсын алдарт уяач М.Тожилийн унаган адуу юм. 1972 онд улсын наадамд хүрэн даага түрүүлжээ. Энэ азарганы үр хүрэн хязаалан үрээг М.Тожил уяач Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат дархан аварга Жигжидийн Мөнхбатад бэлэглэж, аваргын хүсэлтээр М.Данзанням гуай соёолонд нь уяж, 1980 оны улсын наадамд түрүүлгэжээ. Дараа жил нь М.Данзанням гуай Ж.Мөнхбат аваргаас худалдан авсан байна. Ажнай хүрэн азарга нь жижгэвтэр биетэй, номхон дөлгөөн зантай, хурдан адууны олон шинжийг цогцлоон төрсөн хүлэг байсан юм. Их уяач М.Данзанням нь хүрэн азаргаа холын уяагаар уйсган уяж, нарийн заслуудыг хийдэг байжээ. 1978 оны улсын баяр наадамд Ж.Мөнхбат аваргыг үзүүрлэхэд М.Тожил уяач ирээд "Олон жил бид гэмгүй үерхлээ. Миний хүрэн шүдлэн 15-д хурдалсан. Чамд бэлэглэе" гэж өгсөн гэдэг.
Ажнай хүрэн азарганы төл Манлай түмэн эх Цолмон халтар азарга юм. Улсын наадамд соёолон 14-т, хавчиг соёолон 9-д давхиж найман настай аман хүзүүлж, 9 настай түрүүлсэн. 11 настай 10-т, 12, 13 настай 9-д дараалан давхиж 2001 онд 17 настайдаа Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах, Монгол түмний морины их олимп гэгддэг Их хурд-2 уралдаанд түрүүлэн ирж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн цуут хурдан буян билээ.