Сар шинийн зургаан цуврал барилдааны тоймлохуй
Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн үндэсний бөхийн барилдаан үндсэндээ долоо хоног үргэлжиллээ. Хоёрдугаар сарын 3-ны бямба гарагт цолгүй бөхийн барилдаан болсон. Хуучин нийтийн монгол нэрээр барилдаж, цол зэрэг, бэлтгэл, дэвжээ, спорт хороогоо нуудаг нэг төвөгтэй барилдаан байлаа. Одоо бол харин үндэсний бөхийн ямар нэг цолгүй л бол бүгд барилдах нээлттэй юм. Хавдрын эсрэг үндсний зөвлөлөөс зохион байгуулж, 384 бөхөөс улсын харцага М.Дармаабазарын хүү улсын шонхор, өсвөр үеийн улсын хошой аварга Д.Нарантулга үлдэцтэй хянуур нягт барилдаан үзүүлж түрүүллээ. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Амарсайханы Баттүшиг гэж зүүн ташаатай, чөлөөт суурьтай залуу үзүүр булаасан юм. Ноднингийн өсвөр үеийн улсын аваргад 18 насанд орж сайн барилдсан Увсын Зүүнговийн Гантулгын Хангарьд баруун ташаагаа гайхуулж, тохох, ачих мэхэн дээрээ зоримогхон барилдаж их шөвөгт шалгарсан.
Энэ цувралын хамгийн олон буюу 544 бөх барилдуулсан сумын цолтой болон залуу бөхийн барилдаанд Дэлгэрийн Цэрэнням 10 даван түрүүллээ. Түүний карьэр дахь гурав дахь түрүү, 19 дэх шөвөг нь энэ байлаа. Ноднингийн энэ төрлийн барилдааны түрүү Эрдэнэтогтохын Түмэннасан заан бүх даваандаа тунаж үзүүр булаав. Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат олонд тэмээ өргөдөг хэмээн алдаршсан Шийрэвдоржийн Эрдэнэбаяр гэж ноднин үзүүртэй 1990 оны залуу их шөвөгт шалгарав. Хурдан шуурхай, маргаангүй сайхан барилдаан болсон билээ.
Даваа гарагт өсвөрийн 160 бөх барилдсан нь 30 гаруй жил болж байгаа энэ барилдааны түүхэнд олонд орох тоо. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Баярмагнайн Баднаанямбуу түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Содбаярын Мөнхүслэн үзүүрлэв. Гуравт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Очирсүхийн Мөнгөн-Эрдэнэ шалгарсан. Б.Бадмаанямбуугийн төрсөн ах нь Намхайнямбуу гэж сумын заан цолтой бөх бий юм.
Мягмар гарагт аймаг, цэргийн начин цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Энэ төрлийн барилдааны ноднингийн үзүүр Архангайн Дашийн Төрбаяр аргагүй даагаа нэхсэн шиг нэхэж түрүүлэв. Монгол улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын хүү нэмэх, өсөх начин Мягмарсүрэн үзүүр булаав. Үлдэцтэй бяртай энэ хоёр бөхийг аль аль аймагтаа түрүү бөхөд харах байхаа. Их шөвөгт Өвөрхангайн Мягмарцэрэнгийн Гантулга ноднингийн их шөвгөө баталлаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн начин Баярхүүгийн Улаалзгана дүү нарт хичээл зааж их шөвөгт үлдсэн. Гурвын даваанд баруун зүүний магнайг нураагаад байсан цэргийн начин А.Дорждэрэмийг амлан өмсөж, бяртай начин Б.Энхбатын баруун хөлийг шүүрч, нөгөөдөр нь Ц.Бямба-Очир начинг давсан Т.Мөнх-Эрдэнэд амлуулан тус тус даван уран барилдааны шагналыг бас давхар хүртлээ.
Аймаг цэргийн цолтой болон залуун бөхийн барилдаанд уламжлал ёсоор 256 бөх барилдав. 2005 оноос эхэлж, дунд нь хоёр тасарсан гэхээр 18 дахь барилдаан нь энэ болтой. Эрдэнэхүүгийн Мөнхжаргал аргагүй аймаг цэргийн цолтон дундаа элбэгдэнэ гэдгээ нотолж зүүн хөлөөр хийж болох бүх мэхийг хийж түрүүллээ. Оюунгэрэлийн Наранбаатар энэ төрлийн барилдаанд хоёр дахиа үзүүр булаав. Их шөвөгт Баян-Өлгийн бяртай арслан М.Еркебулан, Сэлэнгийн уртай арслан Б.Ганбаяр нар шалгарлаа.
Өнөөдрийн улсын аймгийн алдар цолтой бөхийн барилдаан 256 бөх хүч үзлээ. Анхандаа 128 бөх, 1991 оноос 256 бөх барилдаж ирсэн уламжлалтай. 1991-2005 он хүртэл хоёр өдөр барилдуулж байсан бол 2006-2019 он хүртэл нэг өдөрт багтаан зохион байгуулж байлаа. Харин сүүлийн гурван жил нээлт, ёслолын арга хэмжээнүүд, бусад шагнал зэргээс болж цаг хугацаа авдгийг харгалзан үзэж хоёр өдөрт зохион байгуулдаг болоод байна.
Өнөө жил бага цолтнуудыг чансаалж оруулсан нь улсын том цолтой бөхчүүдэд амаргүй байв. Дэлгэрийн Цэрэнням улсын арслан Ц.Содномдоржоор нэг давж харагдсан. Луу жилийн сар шинийн баяр Ховдынхны наадам болсон гэхэд болно. Монгол улсын аварга Оргихын Хангай бэлтгэл сайтай байгаа гэдгээ бас дахин нэг нотолж энэ улирлын тав дахь түрүүгээ цагаан сараар авлаа. Улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан хоёр дахь бага наадамд удаагаа үзүүр булаав. Хоёр жилийн өмнө Эрдэнэхүүгийн Мөнхжаргалтай үлдэж мөн үзүүрлэж байлаа. Монгол улсын аварга П.Бүрэнтөгс буурь зааж их шөвөгт шалгараад үзүүр бөхийг авч уналаа. Улсын начин Д.Амарсайхан Ерөнхийлөгчийн цомд түрүүлээд, сар шинийн баяртаа их шөвөгт шалгарав. Хоёр аварга их шөвөгт шалгарсан нь сүүлийн 20 жилд тав дахь тохиолдол болтой.
Дунд шөвгийн наймд үлдсэн бөхчүүдийн долоо нь энэ улиралд улсын аймгийн цолтой бөхийн барилдаанд үзүүр түрүүнд шалгарсан бөхчүүд байлаа. Харин Г.Ганхуяг Ерөнхийлөгчийн цомын их шөвөг билээ.
О.Наранбаатар