Домог, хууч яриа

Сахьяагийн Бавуудоржийн бор

Ер нь Дөрвөлжин нутаг хурдтай. Алдархаан сумын ойд тус сумын 23 их морь дундаа хоёрхон морьтой ирсэн удаа ч бий гэдэг.

Сахьяагийн Бавуудоржийн бор соёолон морь Сар хайрханы даншигт тавд хурдалсан. Баруун Монголын нэрд гарсан түмэн эх Оодон хээр, Хоохдойн Ганбаатарын бага улаан, 1993 оны Завханы 70 жилийн түрүү Сонгины Бизьяагийн улаан хээр, хожим Аюурын аварга улаан хэмээн алдаршсан Дэмбэрэлжавын бор гэгч бүсийн уралдаанд хоёроос дээш айрагдсан домгуудтай энэ тэнцүү уралдаж унаган довон дээрээ айрагдсан хүлэг. Гуч эргэм насны залуу бор соёолонгоо цоллуулсан. Аав Сахьяа нь аргагүй сайн уяач. Бор морь Хомын борлогуудын удам. Онцгой хөлийн хурдтай морь байжээ. Ер нь Дөрвөлжингийн үндсэн адууны суурь сайн дээр нь Өндөрхангайн Илжигэн адуу отроор гарч ирдэг сайн сэлгэсэн хэмээдэг. С.Бавуудорж сумын алдарт уяачаа энэ жилийн цагаан сараар авсан нь сонирхолтой юм.