Дотоод мэдээ

Дамбадаржаагийн Онон хөдөлмөрийн баатар боллоо

Монголын уяачид дундаас хоёр дахь хөдөлмөрийн баатар цолтон төрөн гарлаа. Гэхдээ зөвхөн морь уях эрдэм, ажлаар дагнаж баатар болсон хүмүүсээс хоёр дахь нь юм. Бусад салбарт хөдөлмөрийн баатар цол хүртсэн уяач хүмүүс ч олон билээ. Түүний монголын морин уралдааны түүхэнд үлдээсэн гайхамшгуудыг дор жагсаавал.

  1. Дамбадаржаагийн Онон 21-р зууны хурдан морины уяаны дэг сургуулийг бий болгожээ.
  2. Улс бүсийн уралдаанаас аав хүү тод манлай уяачид 91 түрүү, 304 айраг авчээ. Үүнээс Д.Онон 52 түрүү, 137 айраг, О.Батбилэг 37 түрүү, 142 айраг, О.Батболд 2 түрүү, 25 айраг авчээ.
  3. 1998 оны улсын баяр наадмаас хойш өдгөө хүртэл 25 жил тасралтгүй улс бүсийн уралдааны айраг түрүү авчээ.  
  4. Ононгийн хээр морь улсын баяр наадамд нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэж, их хурд уралдаанд нэг түрүүлж, нэг айрагдаж, улсын бүсийн уралдаанд нэг түрүүлж гурав айрагдсан.
  5. 1989 онд улсын баяр наадамд халзан их нас айрагдуулж анхны төрийн хишгийг хүртсэн. Халзан морийг хүү О.Батбилэг унаж байв.
  6. Хээр морио багахан компаний хөрөнгийг босгосон хэмээн ярьсан удаатай.
  7. Д.Ононгийн өвөг эцэг Баатар 300-гаад адуу нийгэмчилж байв.
  8. Д.Онон 1992 онд улсын хэмжээнд хамгийн олон адуу тоолуулжээ.
  9. 2015 онд Түмний эх гал уяаны морьд улсын баяр наадмаас 5 түрүү авчээ. Есөн нас уралдаж эхэлсэн цагаас хойш дээд амжилт нь энэ юм.
  10. 2001 оны их хурд уралдаанд гурван их морь айраг түрүүнд оруулжээ.
  11. Дамбадаржаагийн Онон улсын баяр наадамд зургаан насны морь түрүүлгэж үзжээ. Энэ амжилтыг давтсан хүн үгүй юм. Эдний гал монгол зургаа, сонгомол гурав бүх насыг бүгдийг түрүүлгэсэн ховор түүхтэй.
  12. Д.Ононгийн гэр бүл их хурд уралдаанд азарга их морь түрүүлгэсэн. Хоёр их хурдад азарга түрүүлгэжээ.
  13. Түүний шавь нараас арав гаруй тод манлай уяач төрөн гарчээ.
  14. О.Батбилэг улсын шилдэгийн шилдэг уяачаар хамгийн олон удаа шалгарчээ.