Дотоод мэдээ

Шинэ арслан М.Баасанжав гэж хэн бэ

2024 оны хоёр дахь арслан цолтон мэндэллээ. Бүх цэргийн наадамд Дэлгэрийн Цэрэнням түрүүлсэн бол Хөвсгөл нутгийн хүү Мөнхбаярын Баасанжав өчигдөр Булган аймгийн баяр наадамд Сайхан сумын хүчтэнүүдийг цувуулан орхиж арслан цолд хүрлээ. 

Шинэ мянганыхан цолд хүрсээр. С.Сүхбат заан, Э.Батмагнай начин, Дундговийн Н.Амгаланбаатар гээд дараа үеийн мундагууд хорин таван наснаасаа өмнө амжаад аймгийн түрүү, улсын цолд хүрээд эхэллээ. Сугарын Доржпалам, Батхуягийн Адьяасүрэн гээд ард нь жагсаж байгаа эрчүүд ч байна. 

2022 онд Алаг-Эрдэнэ, Баянзүрхтээ түрүүлсэн. Суманд түрүүлээгүй залуу бөх байхдаа л сумын цолтны барилдааны дөрвийн даваанд гарч ирдэг, Баянзүрх нутаг шигээ баялаг зүрхтэй эр гэдэг нь харагдаад байдаг байлаа. 100 дахь удаагийн сумын цолтны 1024 бөхийн барилдаанд түрүү бөхийн тааварт хамгийн олон хүн нэрлэж байсан Д.Цэрэннямыг зургаагийн даваанд мулталж байсан юм. Анхны шөвгөө ингэж тэр авсан. 

Ердөө хэдхэн сарын дараа сумын цолтны тавдугаар сарын барилдаанд олон сайн бөхийг хаяж түрүү бөх болсон. Ингэхдээ зургаагийн даваанд Цэрэнжавын Мөнх-Эрдэнийг мөн ч аатай хаясан юм даа. Нямсүрэнгийн Амгаланбаатарыг ч хаясан. Хоймор нутгаас түрүүлсэн дөрөв дэх бөх болж байв. Өнгөрсөн өвөл  түрүүгээ дабльдаж, гурав дахь удаагийн тэргүүн байрын төлөө Дундговийн Б.Пүрэвдаштай үлдэж зоримог мэх хийгээд түрүү бөхийн хийморьт тахим буулгасан билээ. 

Өчигдөр Булган аймгийн баяр наадамд улсын шонхор, Булганы ирээдүй гэж байгаа Цогтбаярын Мөнхбаярыг нэгийн даваанд хаяад шуугиулж эхэлсэн. Гурав дээр Амарын Батмөнх ахаараа гаргуулаад тэгээд зам нь цэлийжээ. Тавын даваанд өнөө жилийн аймаг цэргийн цолтны барилдаанд хоёр дараалан түрүүлсэн Сайханы Батсуурийн Бат-Эрдэнийг тунаж, зургаагийн даваанд арслан цолны тааварт бараг 13 жил орж яваа дэлхийн аварга Дамдинсүрэнгийн Пүрэвдоржийг зүүн давуулж хутгадаг дархан мэхээ хийхэд нь зөрж хонгодоод, үзүүрт аймгийн арслан Н.Намнансүрэнг зүүн сугадаж мушгин орхиж тэргүүн бөх болов. Дархан зүүн ташаатай, хорьсон хориогүй зүүн сугадаагаа аваад барилддаг, зоригтой, дөрвөн мөчиндөө тэнцүүхэн бяртай ёстой л шагай шиг бөх дөө.