Батсуурь дархан аварга боллоо
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж дархан аварга боллоо.
2014, 2018, 2019 онд түрүүлж байсан бол таван жилийн дараа дөрөв дэх түрүүгээ авч байгаа нь энэ юм. Өдгөөгөөс 10 жилийн өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү цолд хүрч байсан. Тэгвэл 10 жилийн дараа Монгол Улсын 10 дахь дархан аварга цолтон төрж буй нь Н.Батсуурь юм.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын залуу арслан Б.Орхонбаяр төрийн наадамд хоёр дахь удаагаа үзүүрлэж, аварга цолд ойрхон гэдгээ харуулав. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Д.Хүдэрбулга заан цолд хүрлээ.