Дотоод мэдээ

Завханаас анх төрд морь түрүүлгэсэн уяач

Завхан нутгийн гаралтай үндэсний их баяр наадамд сайн наадаж байсан уяачдын тухай дээр өгүүлсэн. Харин Завханы үндсэн харьяалалтай улсын баяр наадамд анхлан морь түрүүлгэсэн уяач бол тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог юм. 1997 оны үндэсний их баяр наадамд Завхан аймгийн харьяат Солонго импексийн Содномцогийн саарал даага түрүүлсэн. Энэ даагыг манлай уяач олонд дааган хэмээн алдаршсан Рэнцэнгийн Ганхуяг уясан. Түүний алдарт алтан азарга буурлын үр гэдэг билээ. 

Бэгзсүрэнгийн Содномцог үүний дараа од хээр соёолонгоо улсад түрүүлгэж, Хорлоодойн харыг хосгүй үнэтэй авч, Дарцаг зээрд морио том наадамд өвөл зунгүй айрагдуулж,  Орос Болдын хурдан хээр морийг авч бүсэд айрагдуулж, жонон халтар азаргаа төрийн наадамд айргийн араар хурдлуулаад улсын бүсэд түрүүлж, Завхан аймгийнхаа түүхт ойд удаа дараа сайн наадаж тод манлай уяач цол хүртсэн билээ.