Дотоод мэдээ

Завханаас улсын наадмын түрүү аваад байгаа 13 адуу

Завхан нутгийн гаралтай Улаанбаатар хотын орчимд суурьшиж морьдоо сайн уяж байсан уяачдын тухай дээр өгүүлсэн. Харин үндэснийхээ их баяр наадамд яг Завхан аймгийн хэмээн мордуулж морь түрүүлгэсэн 13 тохиолдол одоогоор байна. 

1. Монгол улсын тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог 1997 онд хурдан саарал даагаа түрүүлгэсэн. Дааган Ганаагийн унаган саарал даага булган сүүлтэй байж олон айраг түрүүг араасаа дагуулсан юм. 

2. 1998 оны үндэсний их баяр наадамд багагүй маргаан шуугиантай болсон билээ. Далан тойрч уралдсан анхны жил. Далан тойролгүй дундуур товчилж давж адуу орсон гэх мэт олон асуудал болж билээ. Тэр жил таван нас будилсан ч гэж яригддаг. Комисс У.Буяндэлгэрийн гуулин зээрд азаргыг тэргүүнд барьсан боловч Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат Энэбишийн Ганбатын хурдан хүрэн азарга хожим түрүүлсэн гэдгийг албан ёсоор шүүхээс баталгаажуулсан билээ. Улсын баяр наадмаас анхлан азарга түрүүлгэсэн Завханы уяач бол Энэбишийн Ганбат юм. 1999 оны Говь Шанхын даншигт энэ хүрэн азаргаа улсын баяр наадмын алтан медалиа нөхөн авсан дараа очиж айрагдуулж байсан гэдэг билээ. 

3. 2000 оны Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Лхагвын Цандэлэгийн дүү зээрд азарга холхон сайхан түрүүлэв. Гарамжавын Сандуйжавын энэ тогоруу угшлын хавчиг азарга тэр жил онцгой хурдан байсан юм. Л.Цандэлэг улс бүсийн уралдааны олон айраг түрүү авч тод манлай уяач цол хүртсэн билээ.

4. Монгол улсын алдарт уяач Гомбожавын Нагааранзын анхлан тодруулсан зээрд халзан морь 2002 оны үндэсний их баяр наадамд Шинэнсамбуугийн Батсамбуугийн нэрээр түрүүллээ. Тод манлай уяач Цэвээнжавын Дуламсүрэн энэ хүлгийн уяа сойлгыг тааруулсан. Хоёр зууны заагт яригддаг хурдан морьдын нэг байлаа. Улсын түрүү, Их хурдын аман хүзүү, бүсийн түрүү гээд авч болох том айраг бүхнийг эзэндээ уулгасан сайн адуу даа. 

5. 2003 оны үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Энэбишийн Ганбатын толин сартай зээрд үрээ түрүү магнай болов. Энэ зээрд дээрх хүрэн азарганы үр. Эцэг үр улсын баяр наадамд түрүүлсэн гэсэн үг. Э.Ганбатын хүнд өгсөн адуунаас Б.Нацагнямын халтар гойд хурдалсан бол Д.Чулуунбатын манлай халзан бол энэ хүний оруулж ирсэн цэвэр азарга юм. 

6. 2004 оны үндэсний их баяр наадамд соёолонгийн уралдаан шимтэй болж урд жилийн түрүү алдарт гоё халиун аман хүзүүдэж, Бэгзсүрэнгийн Содномцогийн од хээр хэмээх морин соёолон түрүү магнай болов. Дашцэрэн начингийн хээр гэж тэр цагийн даацтай түмэн эх мөн айрагдсан. Тод манлайн улсын наадмын хоёр дахь түрүү нь энэ байв.

7. 2007 оны үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд Ц.Дуламсүрэнгийн уясан Б.Энхбодлын дүүгүүр саарал морь төрийн түмэн эх боллоо. Эрдэнэцагаан гаралтай энэ морь ховорхон хурдан хүлгүүдийн нэг байсан даа. Азарга, их насны айраг түрүүгээр дийлж улсын тод болсон энэ уяач Эрдэнэхайрхан сумын уугуул. 

8. Энэбишийн Ганбат үндэсний их баяр наадмын гурав дахь түрүүгээ 2009 онд авлаа. Хязаалан насны түрүү энэ хээр үрээ дараа нь Завхандаа болсон бүсийн уралдаанд мөн айрагдсан. 

9. 2010 оны үндэсний их баяр наадамд Эрдэнэхайрхан сумын харьяат О.Отгонбаатарын хээр соёолон түрүүлэв. Лэксус гэдэг нэртэй шиг санагдахын. Монгол улсын алдарт уяач Гарамжавын Ганбат агсан энэ хүлийг уяж байсан. 

10. Монгол улсын тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын аварга түмэн эх итгэлт бор морь их насны уралдаанд түрүүлэв. Хязаалан улсын баярт аман хүзүүдэж, соёолон Багануурын бүсэд түрүүлж, 2018 оны Дүнжингаравт түрүүлж, 2019 оны Дүнжингаравт аман хүзүүдээд түмэн эх болов. Түүний урд жилийн үндэсний их баяр наадамд хонгор халзан соёолон А.Билигүүдэйн нэрээр улсад түрүүлээд байлаа. 

11. Ердөө хойтон жил нь тод манлай уяач Т.Галбадрах халиун морио төрд түрүүлгэлээ. Хожим Х.Бат-Эрдэнэд очсон түмэн эх халиун морь хөлийн хурд ихтэй, шүдлэн Багануурт айрагдаж их замналаа эхлүүлсэн хүлэг. Тогоо хар гэгч азарганы үр. 

12. Тэр жилийн үндэсний их баяр наадмын шүдлэнгийн уралдаанд Төмөрбаатарын Баяржавхлангийн халтар үрээ түрүүлэв. Ах дүү хоёр нэг дор үндэсний их баяр наадмын түрүү авсан ховор тохиолын нэг нь энэ байх шүү. 

13. 2022 оны үндэсний их баяр наадамд ардын хувьсгалын 100 101 жилийн том ойн сонгомол дээд насны ангилалын уралдаанд Сэрээтэрийн Баярсайханы бор морь түрүүллээ. Бор морь Их хурдад бас нэвтэлсэн. Мөн л Т.Галбадрахын тод манлайн унаган адуу. Завханчуудын авсан 13 түрүүний сүүлийн дөрөв нь бүгд Тосонцэнгэлийн тод манлайн унаган адуу байгаа нь энэ цагтаа аргагүй хурдан адууг гаргасан гэдгийн баталгаа юм. 

Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, сонгомол дээд гээд долоон насны ангилалын түрүүг тэд улсын наадмаас аваад байна. Энэбишийн Ганбат гурван нас түрүүлгэсэн, Т.Галбадрах таван унаган адуугаа үндэсний их баяр наадамд түрүүлгэжээ.