Домог, хууч яриа

Шарваа хээр

Завхан нутгийн хүлгүүдээс олон ном зохиолд үлдэж үлгэр мэт яригддаг хүлэг бол Шарваа хээр морь. Уралдаж явсан цаг нь их эрт тул домогжуулсан яриа ч нэлээд байдаг болтой. Ямартай ч нутаг нугынхаа том жижиг наадамд хорь гаруй түрүүлсэн босоо хүлэг байжээ. Наадам ховрын тэр цагт 24 түрүүлсэн ч гэж яригддаг. Нэг жил өдөрлөг жижиг наадамтайгаа 13 түрүүлсэн гэж бичсэн байдаг. Цагаан өвсний адуунд арай ч олон түрүү шиг санагддаг. 2012 онд Алдархаан суманд шарваа хээрийн хөшөөг босгож алдрыг нь мөнхжүүлэх наадам хийж гурван насны морь уралджээ. Шарваа хээрийг Увсын Ханхөхүйн адуун сүргээс гаралтай хэмээн барим тавим ярих хүнтэй ч таарч л байсан. Харин цагтаа энэ морийг унаж уралдаж явсан Ч.Лханаасүрэнгийн тодмагнай сэтгүүлд өгсөн яриа туйлын үнэ цэнтэй судалгаа үлдээжээ. Энэ хүлэг уралдааны явцад гуядах тусам сүүлээ шарван улам улам хурд нэмсээр түрүүлэн тасардаг байснаас "Шарваа" нэрийг авчээ. Хожим зөнөөд өтөл насандаа ирэхэд уян дээрээ ирж зогсон өөрийгөө сойгоод байдаг болсон үргэлжлүүлэн уяж уралдуулахад айрагдаж байсан.

Завхан аймгийн наадамд түрүүлгээд тэр шөнөдөө хөтөлж явсаар өглөө нь сумандаа ирж уралдуулахад тасархай түрүүлж дараа нь уяан дээрээ 3 хоног тэрийн хэвтэж байсан гэж Завхан аймгийн дарга байсан Баасанжав ярьсан нь тэмдэглэгдсэн байдаг. Банзрагчийн Орсоо алдарт "Алдархааны Өгөөмөр багийн Ширнэнгийн шарваа хээр аймгийн баяр наадамд лавтай дөрөв түрүүлсэн..." хэмээн бичсэн байдаг. 1960 1961 1962 1964 онуудад дараалан түрүүлсэн. Шарваа хээрийг залгаж Алдархааны Шадарын бор морь зургаан жил дараалж (дунд нь Ням-Осорын хүрэн халзан түрүүлээд дахин нэг түрүүлж нийт долоон түрүүтэй) түрүүлсэн. Ийнхүү Алдархааны хоёр алдарт хүлэг арван жил дараалан түрүүлж гоц амжилтыг гаргав. 

Шарваа хээр буурал Цэнд хэмээх хүний унаган адуу гэдэг. Түүний цоорхой хүрэн гэдэг азарганы төл, цагаан шилт хэмээх гүүний үр. Түүний эх цагаан шилт хээр гүүг хүргэн Ширнэнгийн том хүү Пүрэвжавын даахийг мялааж өгчээ. Энэ гүүнээс шарваа хээр, Чимэддоржийн халтар гэж хоёр сайн морь гарсан. Бага насанд нь уялгүй соёолон уяж Завхан аймгийн наадамд зургаалсан. Хавчиг морь эзэн Пүрэвжав нь цэрэгт мордож, Ширнэн уяж хойгуур оруулаад буцаж явтал нутгийн Бавуужав гэдэг хүн таарч “Чиний хээр морь цаашдаа аргагүй сайн хурдлах даацтай морь юм. Гэрийн зургаан хана, уньтай нь өгье” гэжээ. Дөрвөн хөлтэй адгуус гэхэд арай л үнэ хүрлээ гэдэг шиг л юм болж. Ширнэн ч нэг сайн үнэ хүрсэн дээр нь зарж орхиё гэж бодож байтал түүний хадам Цэндийн Чимэддорж таарч “Энэ морь чи бид хоёрын ч мэдэх юм биш. Эзэн нь цэрэгт явчихсан. Хүүхдийн морь зарахгүй...” гэснээр эзэндээ үлджээ.  Эндээс шууд Ц.Чимэддорж авч уян эхний жилээ сонгууль бригадын өдөрлөг ойр тойрны хэдэн наадамд түрүүлээд Завхан аймгийн наадамд мөн түрүүлгэсэн. Үүний дараа завсаргүй дөрөв түрүүлээд Бригадын өдөрлөг, сонгууль, хаврын бэсрэг уралдаан, сумын наадам, аймгийн наадам, тойрсон сумдын наадамд нийт 24 түрүүлжээ. Өвгөрсөн хойноо сумандаа нэг удаа дөрөвт хурдалсан. Дөрвөөр нь давхисных дараа жил 18 настай морь даагатай уралдуулж зодог тайлжээ. Энэ морийг хорь хүрч босоогоороо хальсан хэмээдэг. Партизан Чойбалсан нэгдлийн дарга Жанчив тус нэгдлийн жолооч Ч.Лханаасүрэнд (буурал Цэндийн ач хүү) “Шарваа хээр өтлөөд, муудчихаж гэнэ. Чи яваад ачаад аваад ир. Энд авчирч тэжээж онд оруулъя. Болохооргүй бол чихмэл ч гэсэн хийе” гэж явуулсан боловч олж чадаагүй гэдэг. Харин хавар нь Бор хайрханы Дэндгэрийн марзан хэмээх газар эндсэн, өрөөсөн талын гуяыг хээрийн амьтан идсэн байхыг үзжээ. Ханан хад ёроолдоод арай овгор хадан дээр урд хоёр хөлөө нугалж, хойд хоёр хөлөө хойш нь жийгээд хажуугаараа ханан хадаа түшээд харайх гэж байгаа юм шиг байрлалтайгаар өнгөрсөн байсан гэдэг. Босоо түмэн эх гээч босоогоороо л хальдаг бололтой.

Ч.Лханаасүрэн тодмагнай сэтгүүлийн А.Тэлмэнд өгсөн яриандаа “Их хурдан байх үед нь би нэг жил унаж аймгийн наадамд түрүүлгэж байлаа. Бусад үед нь манай дүү Чойжмаа голдуу унадаг байсан юм. Би өөрийн халтар (шарваа хээрийн дүү) морио унана. Эрдэнэхайрханы хэдэн жилийн ч юм бэ дээ, ой болоод би халтар морио, дүү Чойжмаа Шарваа хээрийг унасан юм. Тэр үед нэгдлийн дарга нь Түмэнбаатар гэдэг хүн байлаа. Морьд эргээд Шарваа ганцаараа тасардгаараа тасарчихлаа. Тэгсэн газар мэдэхгүй хүүхэд нь хойшоо полины араар хадуураад  Түмэнбаатар гуай машинтайгаа хөөж оруулахад ес дээр би харин халтар морьтойгоо түрүүлчихсэн явсан. Барианд орох дөхчихсөн байсан болохоор хээр морь өнгөрлөө дөө гэж бодоод давхиж явтал юу юугүй дор нь гүйцээд миний хажуугаар шурдхийгээд л гараад давхичихсан. Тэгээд л ахиад түрүүлж байлаа. Тэр үед Шарваагаа үнэхээр жишиггүй хурдан ажнай юмаа гэдгийг мэдэрсэн дээ...”