Тод янзага
Монгол улсын алдарт уяач Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Завханмандал сумын харьяат Цэрэндоржийн Мөнххуяг нэгэн их морийг гоц сайн хурдлуулсан нэгэн билээ. Дамбадаржаагийн Ононгийн янзага зээрдийн төл Ц.Мөнххуягийн янзаг зээрдийн төл, Онон манлайн адууны зээрд халзан гүүний үр. Говьсүмбэрийн Гашууны голд тэнцсэн унага бөгөөд Ар халхын цуутай уяач хонгор морьтын Цэндийн адуун сүргийн бэлчээрт мэндэлсэн хүлэг юм. Хязаалан насандаа 2017 оны Хан Хөхүйн тахилгад наймд хурдалж, Тэрэлжид түрүүлж байсан.
2018 онд соёолон үндэсний их баяр наадамд Т.Галбадрахын хонгор халзан морины ард аман хүзүүдээд, Эрдэнэтийн 40 жилийн ойд дахин хонгор халзан үрээнд дийлдэж аман хүзүүдсэн. 2019 онд хавчиг морь үндэсний их баяр наадамд аман хүзүүдээд, их хурд уралдаанд аман хүзүүдсэн. Энэ хоёр наадамд мөн л хоёуланд нь Т.Галбадрахын түмэн эх бор мор түрүүлж байлаа. 2020 оны үндэсний их баяр наадамд долоотой морь дахин аман хүзүүдэхэд Т.Галбадрахын халиун морь нь түрүү магнай болсон. Ингэж соёолонгоос хавчиг болтлоо гурван жил дараалж Завхан нутгийн хүлэг аман хүзүүдсэн нь түүхэнд байгаагүй амжилт. Энэ цаг үеийн шилдэг уяач Ганбаатарын Буянтогтох тод янзагын уяа сойлгыг тааруулж байлаа.