Шарын Гүр
Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны баян Борнойнх гэж малаар ч баян, хүүхдээр ч өнөр булан даасан айл байх. Эднийх Жадамба, улсад хүрэн азарга айрагдуулсан Цагаан-Өвгөн, Жадамба гэж гурван хүүтэй. Борнойн Жамъянгийн адууг маллаж хурдан сайн адуутай болох эхлэлээ Шарын Гүр тавьжээ. Адуучин Гүр угаасаа эртэч, ажилсаг, адуунд эртэй, барилддаг, сайн уургач байсны дээр итгэл даасан үнэнч шударга, гүндүүгүй эр хүн явсан аж. Найман атаар авсан гэх төө цагаан гаанс зуусан, аягын чинээ цагаан хөөрөг барьсан, архи дарс тааруулаад хүртчихдэг, цэцэн цэлмэг үгтэй, хөхрөөд л сайхан ярьдаг, ярьж дуусдаггүй яриатай, майхнаа ирттэл наадам дамждаг, нэгдэлд ерөөсөө ороогүй хүн гэнэ.
Борнойн Жамьянгийн жаахан зээрд гэдэг азарганы үр хар азарга нь Хэнтий аймгийн Дархан сумын наадамд очиход үзсэн шинжээчид “Голын баруун талд ийм унага төрөх болоогүй. Хэрлэнгийн зүүн талын унага биз...” хэмээн гайхаж байсан гэлцдэг. Энэ наадамд хар азарга түрүүлж, хээр морийг нь түрүүлж ирэхэд барианы адаг хүүхдийг нь авч хаяснаар нэгээр ухрааж аман хүзүүнд барьжээ.
Дарханы их уяач Чимиддоо “3а Гүр минь энэ удаагийн наадам тиймэрхүү болчихлоо. Ирэх жил ирж наадаарай” гэхэд Гүр “Ам бүл цөөнтэй над шиг хүний хувьд дахиад ирнэ гэхэд зэсүүлд суух нэг хүн, хүүхэд авч хаях бас нэг хүн хэрэгтэй юм байна даа гээд мордоод явчихсан бөгөөд бага наснуудаа давхиулаагүй гэдэг.
Энэ хар азарга Өндөршилд гурван жил дараалан түрүүлж өөр сумдын наадмуудад олон түрүүлж айрагдсан, тухайн цагтаа тэргүүн хурдны нэг мөн юм.
Гүрд Буувалын улаан гэдэг сайн азарга байсан бөгөөд үүний төл дээрх хар азарганы төл эхтэй бор шарга азарга их хурдан байлаа. Даагандаа Баянжаргаланд түрүүлээд давхар уяагаар Дорноговь аймгийн наадамд очоод байхад нь тэр үеийн Их жаргалангийн (одоогийн Айраг, Даланжаргалангийн зарим хэсэг) Намын үүрийн дарга Төмөртогоо гэдэг хүн Иххэтийн уяач Адилбишид Шилийн Гүрийн Бор шарга гэдэг их хурдан даага ирж дээ үг хэлүүлдэггүй өнгөрдөг гэнэ шүү гэж хэлсэн байна.
Адилбиш Гүртэй уулзаад “Чиний шарга даага чинь үг хэлж амжаагүй байтал өнгөрөөд явчихдаг юм гэлүү” гэхэд ганц нэг үг хэлж бололгүй дээ, харин чиний саарал даага чинь яадаг даага вэ гэхэд “Дөрвөн мөч нь бүтэн байхад эхний гурван даагатай л гарч ирдэг юм даа” гэж байжээ.
Үнэхээр ч хөх Цэрэнгийн хээр, бор шарга, саарал гурвуул тасархай гарч ирэхэд хөх Цэрэн уядаг хээр мориороо (тэр үед унаж явсан) хээр даагаа шахаж хэд гуядуулахад хээр даага нь сууж, бор шарга түрүүлж, саарал аман хүзүүдсэн байна. Энэ саарал хожмоо Адилбишийн их сөөнөн гэдэг зартай хурдан азарга болсон гэдэг. Бор шарга хэмээгч цуутай хурдан ажнай Дорноговийн наадамд түрүүлж гараагаа эхэлснээс хойш гурван аймгийн зааг дээр хоёр удаа (давхар уяанд) айргийн гадна давхиснаас өөр айраг түрүүнээс хасагдсан гэж дуулаагүй тухай нутгийн ахмадууд ярилцдаг.
Дорноговь дээр наадмын дараа болсон хүлээн авалтад ороход урт хадаг, мөнгөн аягатай айраг, том алтан бөгжний хамт барихад Гүр гуай учрыг нь сайн ололгүй босох гэтэл хамт явсан Жамсран заан араас нь татаж суулгаснаар бор шарга зарагдалгүй үлдсэн гэдэг.
Түрүүлээд ирж явснаа буруу хараад зогсчихдог, арын морьд ирэхээр сая эргэсэн юм шиг явчихдаг сонин зантай сондгой хурдан азарга байжээ. Гүр гуай Буувал хэмээх бүсгүйтэй ханилан сууж байсан. Гэрийн бараа хардаггүй хавар гараад намар ирдэг, адуу малын төлөө төрсөн энэ хүн хань болохгүй нь гээд энэ улаан адууг өгч “Чамд надаас илүү хань болох юм энэ адуу бололтой...” гээд хоёр тийш болсон гэж домог бий. Буувалын улаан гэдгийн учир тэр гэдэг.
Тэр үед бор шаргатай Сүрэнгийн хүрэн, Шагдарын асман зээрд, Гүржавын халзан зэрэг азарганууд ойрхон уралдаж байжээ. Гүрийн бор шаргын удмаас Ёндонгийн хүрэн, Гурвансайханы Гочоогийн шарга, Самдангийн шарга (Мандахын), Дагимаагийн шарга, Гочоосүрэнгийн цагаан Дамдингийн бор, Батсуурийн цагаан зэрэг хурдууд гарчээ.
Жадамбын Бандийн бор, Агьяагийн бор, Хүүхэнбаатарын бор (эх нь бор шаргын төл) зэрэг 1990-ээд оны эхэн үеийн хурд мөн бор шаргын угшлынх юм. Бор шаргын дараа үед Гүрийн аварга улаан гэдэг их хурдан азарга гарч иржээ. Бор шаргын дараа орох шилдэг хурдан азарганы нэг аргагүй мөн билээ. Гүрийн дээрх хурдан азаргануудаас гадна их насны олон сайн морьд байв.