Мордох болгондоо түрүүлж байгаа монголын хамгийн хурдан хүлэг
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат монгол улсын алдарт уяач Сэрээтэрийн Баярсайхан чойнжин хүрээтэй чандмань тамгатай алдарт хурдан бор морины эзэн. Энэ цаг үеийн хамгийн хурдан хүлгийн эзэн ч байж магадгүй. Тод манлай уяач Т.Галбадрахтай багын найзууд. Энэ айлын унаган тамгатай адуугаар сайхан наадаж цөөхөн жилийн дотор улсын том цолд хүрсэн.
Түмэн эх халиун морь анх энэ уяачийн нэрээр уралдаж олонд танигдсан. Халиун морь 2019 оны үндэсний их баяр наадамд соёолон аман хүзүүдэж байсан юм. Тэр жилээ Пунцагбалжирын нэрэмжит хаврын бүс, Баянхонгорт болсон улсын бүсийн уралдаанд тус тус айрагдсан. Халиун соёолон улсад айрагдаж байхад Төв аймгийн баяр наадамд халтар даага түрүүлж, халтар хязаалан бас айрагдсан. Төмөрбаатарын Галбадрахын халиун морь 2020 онд үндэсний их баяр наадамд түрүүлээд Хадбаасангийн Бат-Эрдэнэд очсоныг бид бүхэн мэднэ.
С.Баярсайханы хүрэн халзан морь 2015 онд шүдлэн байхдаа Булганд болсон улсын бүсийн уралдаанд аман хүзүүдээд, давхар уяагаар Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойд, тэр жилийн говийн бүсийн түрүү аман хүзүүний хоёр үрээ, ажнай шаргын төл шарга, Д.Хишигжаргал манлайн бага гурван насандаа том наадамд айрагдсан хүрэн халзан зэрэг сайн хүлгүүдийг дийлж түрүүлсэн. Хязаалан улсын баярт хүүхдээ унагаж 10-т, соёолондоо 13-т хурдалсан морь юм.
2020 оны улсын баяр наадамд аман хүзүүдсэн бор даага дээрх халзан морины төрсөн дүү бор гүүг алдарт тогоо хард тавьж гарсан.
Хурдан морь харъя гэвэл, хурдын дээдийг үзье сонгомол ангилал үз гэдэг үг бий. Ортой л үг. Энэ цаг үеийн монголын хамгийн хурдан морь гэвэл Сэрээтэрийн Баярсайханы бор морь дээгүүрт нэрлэгдэнэ. 2021 оны ковидын жил баруун бүс Ховд аймагт болоход түрүүлж, 2022 оны улсын баяр наадамд түрүүлээд, Их хурд уралдаанд амжилтаа бататгасан. Энд Дугаржавын Ганзоригийн хээр, Заамарын Түмэн-Өлзийн хүрэн азарга хоёртой тарласаар гурвуулаа тасран барианд орж байсан даа. 2023 оны үндэсний их баяр наадамд Д.Ганзоригийн хээр, Сагурын Бор халзан хоёртой уралдаж гуравт хурдалсан. Ихэд нийлээд хоёр удаа түрүүнээс мултарсны нэг нь энэ болов уу. Дараа нь Завхан аймгийнхаа түүхт 100 жилийн ойд очиж түрүүлсэн. Тэр жилийн улсын баяр наадмын эхний гурван адууны Сагурын бор нь Архангайд, Мон Масло-гийн хээр морь Төв аймагт, С.Баярсайханы бор Завхандаа түрүүлсэн юм. Бор морийг тод манлай уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир “Хөнгөн ястай, бэлэн давхилтай аргагүй хурдан морь доо. Нөгөө хэдээс хамгийн ойрын уяатай адуу байх...” гэж үнэлсэн юм. Даага уягдаж улсад дөч гаргаж, шүдлэн өнжөөд, хязаалан улсад 11-т давхисан энэ морь түүнээс хойш ес уралдахад хоёр л удаа айрагдаж бусдад нь түрүүлээд байгаа юм. Тойруулгын уралдаанд газар ойртсон уу нэг удаа айрагдсан. Ер нь сонгомол ангилал жигдхэн олон өндөр хурдтай адуу уралддаг учраас ялгарч, нүдэнд дасал болж харагддаг ч байж магадгүй. Бор морь яралзсан хөдөлгөөн харагдахгүй юм шиг мөртлөө хөлийн хурдаар ямагт хөтөлж уралддаг, үзүүр гараад ирсэн байхад ялан дийлэх онцгой совинтой ховор төрөх морь юм.
Өнөө жил улсынхаа их баяр наадамд сайхан түрүүлж, Чойрын Боржигон даншиг, Орхон аймагт болж байгаа Илгээлтийн эздийн ой төвийн бүсийн даншигт дахин түрүүлж том уралдааны долоо дахь алтан медалиа зүүсэн. 2024 оны Улсын баярт энэ цаг үеийн шилдэг хоёр тод манлайн уяан дээрээс мордсон урд жилийн Төв, Завхан, Хэнтий аймгийн түүхт 100 жилийн ойн гурван түрүү гараад ирэхэд сүрдмээр харагдаж байж билээ.
Улс, Боржигонд түүний ард О.Батбилэгийн уядаг Ганзоригийн Ганбаярын буган морь, Дундговийн Эрдэнэдалайн Б.Бямбадоржийн хонгор хэмээх хоёр хурдан адуу орсон. Орхоны даншигт улсын баярт дөрөвт орсон Сагурын унаган зээрд халзан, Б.Бямбадоржийн хонгор хоёр дахин ард нь ороод байна.
Сэрээтэрийн Баярсайханы бор шиг Сонгомол дээд ангилалд долоо түрүүлсэн морь гараагүй билээ.
Сэрээтэрийн Баярсайхан 2022 оны Баянхонгорт болсон улсын бүсийн уралдаанд сонгомол дунд насанд хүрэн халзан үрээ айрагдуулсан. 2017 онд халтар даага Төв аймагт түрүүлгээд, Дундговь аймагт болсон улсын бүсийн уралдаанд айрагдуулж том наадмын анхны айргаа уусан энэ уяач улс бүсийн уралдаанаас 14 айраг авч манлай уяачийн блозлыг хэдийнээ хангажээ...Зөвхөн бор морины сонгомол дээдийн улс бүсийн долоо түрүү гэдэг л өөрөө манлай уяачийн ханасан болзол юмаа...