Сар хайрханы даншиг наадам
Монголын хурдан морины бүсийн анхны уралдаан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Сар хайрханд болов. Үүнийг Монгол адуу нийгэмлэг, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, ММСУХ-ноос хамтран зохион байгуулсан. Баруун 5 аймгийн уяачид, хурдан морьд оролцсон. Тэс, Ханхөхий угшлийн морьд давамгайлан хурдалсан. Туяагийн халиун хэмээх алдар цуут түмэн эх энд анх том наадмын түрүү авч хоёр жилийн дараа Дэлгэрт даян түмэн эх болсон.
Азарга
1. Завхан Тэс Д.Өсөхбаярын Улаан хээр. Энэ хурдан түмэн эхийг урьд шөнө нь алдаад их наадамд мордуулж түрүүлгэсэн тухай хурдан морь судлаач нэрт сэтгүүлч А.Баасандорж агсан дурссан байдаг.
2. Увс Өндөрхангай Т.Чулуунбаатарын Хээр. Өндөрхангайн Чулуунбаатар улсын наадамд их морь түрүүлгэсэн Доржсүрэнгийн Цэнд-Аюушийн хүргэн болох хүн. Энэ баяр наадамд Өсөхбаярын улаан хээртэй ойрхон зурхай гишгэсэн. Ханхөхийн адуу. Хойтон жил Д.Цэнд-Аюуш хээр азаргыг машин дээр, дунд гарын хөөрөг өгч авсан гэдэг.
3. Завхан Цэцэн-Уул Д.Одгэрэлийн Хээр
4. Говь-Алтай Бигэр Д.Пүрэвдоржийн Хүрэн халзан. Говь-Алтайн Монгол улсын алдарт уяач Даржаагийн Пүрэвдоржийн хүрэн халзан Хэнтий аймгийн Баянхутаг сумын Лувсанжавын Дамдинжавын унаган адуу. Дорнод Монголын Донир угшильтай. Зүүн зүгээс Баруун Монголд хамгийн түрүүнд очиж хурдан морины соёлын хөгжлийн түвшинг жишин харуулсан хурдан хүлэг билээ. Аймагтаа даага, шүдлэн, хавчиг, наймтайдаа түрүүлж олон айрагдсан.
5. Увс Өндөрхангай Ч.Ядамсүрэнгийн Хүрэн халзан
Их нас
1. Завхан Дөрвөлжин С.Туяагийн Халиун. Туяагийн халиун Завхан нутгийн унага. 1994 оны өвөл Содномцэрэнгийн Туяа гурван тэмээ хоёр адуу таван бодоор авч уях болсон. Увс аймгийн Завхан сумын 70 жилийн ойд түрүүлээд хэдхэн хоногийн ард энд түрүүлж нэр алдар нь түгсэн.
2. Завхан Ургамал Г.Ганболдын Хээр алаг. Ургамал чигтээ нэртэй түмэн эх байсан. Даншиг алаг хэмээдэг.
3. Завхан Дөрвөлжин М.Санждоржийн Бор
4. Завхан Дөрвөлжин Т.Сосорбарамын Хүрэн
5. Завхан Дөрвөлжин Д.Цэдэвийн Хээр. Унаган нутаг дээрээ болж байгаа даншигт Дөрвөлжинчүүд одтой сайхан наадсан. Гурван их морь айрагдууллаа.
Соёолон
1. Увс Баруунтуруун П.Ганбатын Оодон хээр. Энэ уралдааны дараахнаас Улаанбаатар, Баянхонгор, Ховдод уралдан Оодон хээр хэмээн нэрд гарсан хурдан морь. Панзын Ганбат удалгүй Өндөрхангайн Ж.Дамдинд зарсан.
2. Завхан Сонгино Н.Бизъяагийн Улаан хээр. Нямцэрэнгийн Бизъяа Завхан нутагтаа нэрд гарсан сайн уяач. Энэ их баярт түүний улаан хээр соёолон аман хүзүүдэж, хүү Даваагомбын халтар хязаалан дөрөвт давхисан. Бизъяагийн хээр бага гурван насандаа Сонгино сумын наадамд түрүүлж, 1993 оны Завхан аймгийн 70 жилийн ой, Баянтэс сумын ойд тус тус түрүүлсэн хурдан ажнай.
3. Завхан Баянхайрхан Я.Дэмбэрэлжавын Улаан бор. Аюурын аварга улаан гэгдэх болсон. 2000 оны Тэсийн даншигт Дэмбэрэлжавын ах Давгацамбын нэрээр айрагдсан. Тэс сумын нэгдлийн шилмэл сүргийн адуу. Нэгдэл тарахад шүдлэн үрээ Дэмбэрэлжав авсан. Улсын алдарт уяач У.Аюурзанад очиж бүсийн уралдаанд олон айрагдсан баруун зүгийн нэрт түмэн эх байв.
4. Увс Баруунтуруун Х.Ганбаатарын Бага улаан. Улсын алдарт уяач Хоохдойн Ганбаатарын бага улаан гэгч морь. Сан адууны гаралтай, анхны Их хурдад 28-д хурдалж байсан. Түүний их улаан хэмээх алдарт хурдан хүлэг анхны Их хурдад баруун монголын хурдан адууны чанарыг харуулж айрагдаж байсан билээ.
5. Завхан Дөрвөлжин С.Бавуудоржийн Бор. Баруун монголын их уяач Борнойн Баасанжав энэ наадамд гурван морь айрагдуулсан. Бавуудоржийн бор, гурвалсан хээр даагыг мөн уясан. Аймгийн заан цолтой, ойр тойрны сумдад 15 түрүүлсэн энэ шаггүй бөх баруун бүсийн даншиг наадам үүссэн цагаас хойш айраг алдаагүй наадсан уяач даа.
Хязаалан
1. Завхан Яруу С.Бат-Эрдэнийн Хул. Хул үрээг монгол улсын алдарт уяач Жамаагийн Баянжаргал сойсон. Урд жил нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ойд таван түрүү авахад энэ хул үрээ шүдлэн түрүүлж байсан. Хязаалан энд түрүүлээд, соёолонд нь Ж.Баянжаргал алдарт худалдаж аваад Завхан аймгийн баяр наадамд түрүүлгэсэн.
2. Завхан Сантмаргац Б.Баасанжавын Зээрд. Манлай уяач Борнойн Баасанжавын гурван айрагны нэг.
3. Увс Баруунтуруун Б.Дамиранжавын Хээр
4. Завхан Сонгино Б.Даваагомбын Хээр
5. Увс Баруунтуруун Б.Жамсрангийн Хүрэн
Шүдлэн
1. Завхан Баянтэс Д.Базаррагчаагийн Хээр. Монгол улсын алдарт уяач Дэлгэрэхийн Базаррагчаа. Өөрийнх нь унаган үрээ баруун бүсийн анхны даншиг наадамд түрүүлэв. Адуу сайтай сайн уяач. Хожим хоёр сайн хээр азаргатай байсан.
2. Увс Тэс Н.Цогтоогийн Хээр
3. Увс Зүүнговь Ч.Баасанжавын Хээр
4. Увс Баруунтуруун Намсрайн Хонгор
5. Увс Зүүнговь А.Ганболдын Шар хээр
Даага
1. Завхан Сонгино Б.Андагадайн Хар хээр. Энэ их баяр наадамд Сонгины Намсрайхүүгийн хар азаргыг түрүүлнэ гэж олон хүн таамаглаж байсан ч Завханмандалын ойд түрүүлгэн мулталжээ. Харин энэ үед сумандаа түрүүлсэн Андагадайн Мөнхбаярын хар даага даншигт түрүүлж нутгийн олныхоо урмыг сэргээв.
2. Завхан Асгат Ч.Жамбалдоржийн Хээр
3. Завхан Сантмаргац А.Арьхадын Хээр. Монгол улсын хөдөлмөрийн баатар Ангирын Арьхад. Сантмаргац сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн хонийг олон жил сайн маллаж энэ эрхэм алдрыг хүртсэн.Андагадай, Арьхад нар бол улс даяар нэрд гарсан сайн малчид.
4. Завхан Яруу А.Базарын Хул
5. Увс Цагаанхайрхан З.Рэнцэндоржийн Хээр
- Хүчит бөхийн барилдаанд 128 бөхөөс улсын начин Дамирангийн Бумбаяр түрүүлж, улсын заан Чадраабалын Бямбадорж үзүүрлэжээ. Их шөвөгт улсын заан Өлзийн Тулгаа, цэргийн заан Чогсомын Батзориг нар шалгарсан.