2009 онд улсын цол хүртсэн уяачид
Адууны хийморьт сүсэглэж, дээлээ гандтал морь дагадаг уяачдынхаа хөдөлмөрийг үнэлүүлэхээр 1996 онд Монголын морин спорт, уяачдын холбоо Монгол Улсын Манлай уяач цолыг бий болгож, Д.Даваахүү, Д.Гарамжав, Д.Даш, Д.Сундуй, Г. Сундуй, Ж.Содномпил, С.Самдан, Л.Дамдин, С.Банзрагч, Д.Тvвдэн, С.Гэсэрваань нарын 11 хvнд хамгийн эхнийхийг нь олгож байсан нь өдгөө түүх болон үлджээ. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд 22 хvн энэ цолны болзлыг биелүүлэн, нийтдээ 32 хvн Манлай уяачаар өргөмжлөгдөөд байсан бол, энэ хоёрдугаар сарын 4-нд дахин дөрвөн шинэ цолтон нэмэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр цолыг нь гардууллаа. Үйтэн хуараар гангарсан уяачид төрийн ордныг чимсэн энэ өдөр Алдарт уяачдын тоо ч гэсэн 11-ээр нэмэгдэж, 250 гаруйд хүрсэн юм. Эдгээр уяачид нь:
МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:
1.Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Улсын Алдарт уяач Сэрээтэрийн Гийнаа /улсын наадмаас 14, бүсийн наадмаас 2 айраг/,
2.Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Японы алдарт "Иточу" корпорацийн монгол дахь салбарын захирал, Улсын алдарт уяач Товуугийн Энхбат,
3.Төв аймгийн Баянцогт сумыг уугуул, “Босоо унага” гал, Улсын Алдарт уяач Дашдоржийн Мөнхбат,
4.Завхан аймгийн Улиастай сумын уугуул, “Шим” группын захирал, Улсын Алдарт Лхагваагийн Цандэлэг,
МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:
1.Төв аймгийн Цээл сумын уугуул, “Морин Эрдэнэ” галын уяач Пүрэвийн Баяраа /Улс бүсийн наадмаас 1 түрүү, 9 айраг авсан, үүнээс 4 нь азарга, их нас/,
2.Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “МТТ инженеринг” группын захирал, уяач Баярмагнайн Тэрбиш /2003-2007 онд улс бүсийн наадмаас 1 түрүү, 7 айраг/,
3.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, Аймгийн Алдарт уяач Бат-Очирын Эрдэнэгэрэл /Сvvлийн 4 жилд уясан морьд нь улс бүсийн наадмаас нэг түрүү, 7 айраг/,
4.Завхан аймгийн Баянтэс сумын уугуул, уяач Дэлгэрэхийн Базаррагчаа /бүс аймаг, сум орон нутгийн уралдаанаас 40 түрүү, 120 айраг/,
5.Төв аймгийн Лүн, сумын уугуул, “Итгэлт орших” группын захирал, гар бөмбөгийн спортын мастер, уяач Банзрагчийн Билэгдэмбэрэл /2003-2007 онд улс бүсийн наадмуудаас 3 түрүү, 7 айраг/,
6.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн арслан, уяач Усны-Эхийн Аюурзана /бүсийн уралдаанаас 8 айраг/,
7.Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул, уяач Жүгдэрийн Дамдинсүрэн /2003-2007 онуудад улс бүсийн наадмаас 2 түрүү, 6 айраг/,
8.Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Улсын тэргүүний малчин, Аймгийн Алдарт уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир /Аймаг сум орон нутгийн уралдаануудаас 200 гаруй айраг түрүү, улс бүсийн наадмуудаас 4 түрүү, 15 айраг/,
9.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Засгийн газрын Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрын дарга, уяач Буян-Өлзийн Жаргалсайхан /Алдарт хээр азарга нь Их хурд, улс бүсийн наадамд 2 түрүүлж, 6 айрагдсан/,
10.Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын суугуул, “Молор Эрдэнэ” морин спорт холбооны тэргүүн, 2005 оны улсын шилдэг уяач, Аймгийн Алдарт уяач Дайриймаагийн Жаргал /улс бүсийн уралдаанд 2 түрүүлж, 6 айраг/,
11.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, “Симба” группын захирал, “Босоо хүлэг” галын ахлагч, уяач Цогтын Батсайхан /улс бүсийн наадмаас 1 түрүү, 9 айраг/ нарыг тус тус шагнав.