Домог, хууч яриа

Төрийн түмэн эх Лувсандоржийн Баярсайханы бор морь

Улсын алдарт уяач Ч.Хөвгүүний яриа

...1987 оны улсын наадмын өмнө Хунцалд өдөрлөг хийж сунгаан боллоо. Би мал бригадын дарга хийдэг, жил болгон  морины комист явна. Батсүмбэрийн САА-н даргын жолооч Отгонбаатартай би морь тавилаа. Батмөнх гэж цэргээс ирсэн залуу Баярсайханы бор морийг тавьж байгаа. Газрын эвгүй жалгатай юм гээд морьд эргүүлтэл, өнөө бор морийг тавьдаггүй өөдөөс яваад байдаг. Ингээд морьд бүр эргэсэн хойно араас нь тавилаа. Тэнд олон сайн морь мордсон юмдаг. Миний улсад айрагддаг буурлын ах сайн буурал морь байсан тэднийг яах ийхийн зуургүй дийлээд хол түрүүлэв. Тэр үед Баярсайхан  Усжуулахад ажиллаж байсан юм. Би хэллээ “Баярсайхан минь бор морь чинь жигтэйхэн хурдан байгаа юм байна даа, ийм сайн байгаа юм чинь улсад уралдуулна шүү” гээд. Тэгсэн өөдөөс “Тэгшбаяр дарга ажлын ихтэй гээд загнаад байгаа. Морио ижилд нь тавина” гэж байна. Төдхөн Баярсайхан гүйгээд ирлээ. “Хөвгүүн ахаа та улсад аваад яваач” гээд. Би өөрөө ч хэд хэдэн морьтой байгаа яаж авч явах вэ? Чи өөрөө явах хэрэгтэй төрийн наадмын дов үз. Тэгшбаярыг үе тэнгийн юм, хоёрдугаарт  бас ч муугүй бригадын даргын албатай юм чинь хэлж загнаад учир нь олдох биз гэлээ.

Усжуулахын Тэгшбаярт учирлаж хэллээ. “Бор морийг л улсад явуулчих, ийм хурдан байгаа адуу заавал нэгийг дуулгана, үгүй ядахад нутаг орны нэр гарна” гээд. Өнөөх чинь халгаадаггүй. “Их ажлын хажуугаар морь хөтлөөд наадам хэсээд ” гэж байна. Ингээд шалж шалж орхисон. Харин улсад бор морийг явуулсан байсан. Л.Баярсайханы бор долоон настай улсад очиж түрүүлэх нь тэр дээ. Наадмын дараа Баярсайхан над дээр ганц шил юмтай давхиж ирж байсан.

-Төрийн түмэн эх бор морь хаанах адуу байваа?

-Уран Лувсандорж гэж Дундговийн гаралтай өвгөн манай энд байсан. Тэр хүний ганц хүү нь Баярсайхан. Борнуур чигээс гаралтай бор гүүний үр нь охин  бор унага гарч түүнээс  1987 оны төрийн наадмын түрүү бор морь гарсан. Баярсайханы бор сумын 60 жилийн ойд соёолон үрээ айрагдаж байсан.