Домог, хууч яриа

Баяндэлгэрийн М.Доржсүрэнгийн хээр азарга

Баяндэлгэр сумын наадамд хамгийн олон удаа цоллуулсан хурдан хүлгийн нэг нь Магсаржавын Доржсүрэнгийн хурдан хээр азарга билээ. Хээр азарга сумынхаа наадамд анх 1974 онд даагандаа айрагдаж байсан бол хамгийн сүүлд 1985 онд 13 насандаа айрагдаж байв. Энэ хугацаанд сумынхаа наадамд нийтдээ 1 түрүүлж, 7 айрагдаж, мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нэгдлийн ойд түрүүлж байжээ.

Хурдан хээр азарга 1983, 1988 онуудад улсын наадамд ирж уралдаж байсан гэдэг. Үүнээс 1983 онд Төв аймгийн 60 жилийн ойн наадмыг улсын наадамтай хамтатган тэмдэглэсэн их наадамд ирж уралдахдаа улсын наадмын сунгаанд нь тэр жилийн улсын түрүү Тогоруу халтар азаргатай ойрхон хурдалж байсан гэдэг билээ.

Хээр азарга өөрөө хурднаас гадна төлүүд нь бас хурдалсан юм. Тухайлбал, н.Загдхорлоо гуайн хээр шүдлэн үрээ сумын наадамд айрагдаж байсан бол хүү Д.Хишигтийнх нь хар азарга сумын наадамд олон жил лавхан сайн уралдаж, 1995 онд Багахангайд зохиогдсон хаврын бүсийн уралдаанд 9-д хурдалж байсан. Хүргэн Г.Батсайханы сартай хар азарга 2003 онд Ламын уул, Тахилтад болж байсан өвлийн наадамд айрагдаж, 2002 оны сумын баяр наадамд 8-д хурдалжээ. Хээр азарганы төлийн төл зурвас халзан үрээ шүдлэн насандаа 1994 онд сумын наадамд түрүүлж, дараа жил нь Архуст сумын наадамд аман хүзүүдэж, Боржигоны бүсийн наадамд дээгүүр хурдалж байв.

М.Доржсүрэн уяач сумынхаа баяр наадамд 1974 онд их насны бор морь, 1980 онд хязаалан халиун үрээ, 1985 онд хул соёолон, 1994 онд хонгор соёолон, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нэгдлийн ойд хул соёолон түрүүлгэж явсан нэрт уяач байлаа.

Эх сурвалж Г.Дашзэвэг