Домог, хууч яриа

Содномпилын их хүрэн

Манлай уяач Жамбалын Содномпил Их хүрэн азаргаа Говь-Угтаалын Морьт багийн хоньчин Бадарчин гэдэг хүнээс авчээ. Дэрэнгийн Хайнзан, Говь-Угтаалын Гармаа гээд сайн сайн уяачид Говь-Угтаалд нэг сайн хүрэн үрээ байна, хаана ч очсон айрагтай адуу юм байна. Бас эзэн нь зарчихвал ч зарчихаар  хүн юм гэж хэл дуулгажээ. Эзэнд нь захиа бичээд хоёр сар хүлээгээд хариу ирэхгүй болохоор нь найз Суурийн Цэнджавын хамт очиж мөнгө хатуу байхад 2000 төгрөгөөр авч. Соёолондоо сумандаа түрүүлсэн байв. Угшлыг нь хөөвөл Батбуян гуайн адууны угшильтай, Говь-Угтаалын Бадарчингийн унаган, эцэг нь Дэрэнгийн Гармаагийн ах Маналын хүрэн азарга юм. Эх нь Борын Галтын хар азарганы үр хар гүүнээс гарсан хүлэг. Бадарчийнх  гэдэг нь Боржгины Ловон отгийн Гэлэгяринпилийнхэн гэж арван засагт азарга морь хоёр айрагдуулсан айлын голомт юм.

Долоон настайдаа азаргатай ноцолдож байгаад хөл нь доголоод уягдаагүй. Найман насандаа Хулдад их хол түрүүлсэн. Их хүрэн газар холдох тусам л хаазыг нь нэмэхээр хүчээ аваад байдаг машин шиг адуу байсан хэмээн дурссан нь бий. 1973 онд Дундговь аймагт болсон том наадамд азарга их морь хоёроо түрүүлгээд буцах явцдаа Бударгана усанд болсон уралдаанд хүрэн азаргаа замгүй хол түрүүлгэж улсад явах бодол тээсэн байна.  Ийм хүлэгтэй хүн улсын наадмыг зорихоос яахав. 1974 онд хүрэн азаргаа 10 настай байхад нь улсад явах гэтэл ажлаас нь чөлөө өгдөггүй. “Шинэ самосвальтай чиний хувьд хийх ажил их байна. Харин тэргээ өгөөд ажлаасаа гараад явдаг бол хамаагүй” гэсэн хариу өгчээ. Дөнгөж 30 мянган км явсан шинэхэн тэргээ өгөөд зургадугаар сарын 23-24 нд нутгаасаа гарч Богдын хүрээг зорьжээ. Замдаа нийлэх морь байхгүй алаг морьтойгоо сунгачихаад очлоо.

Азарга эргэжээ. Айдсын давааны араас эхлэн улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл өнгөлж Алтанбулагийн Луузайн хул Содномпилын хүрэн хоёр зуузай холбон араас нь нэхэж байв. Буянт-Ухаа руу тонгойтол зэгэл өнгөлсөөр байв. Араажаваар яриад байгаа. 535 дугаартай хүүхэд унасан хар азарга түрүүчийн азарган дээр ирлээ гэх нь тэр. Хүрэн азарга хөлсөндөө нэвтэрч хар харагдсан хэрэг. Энэ агшинд ч хүрэн азарга зэгэлийн хажуугаар сул юм шиг шуугиад өнгөрөв. Төрийн наадмын түмэн эх болов. Хан Уулын ард анх  удаа ирж уралдсан хүн морь хоёр ийнхүү наадмын од болжээ. Энэ наадамд Баянцогтын Дамдинсүрэнгийн зэгэл аман хүзүүдэж, Луузайн хул гурвалж, Дорнойн Сундуйн хүрэн, Алтанбулагийн Содномпилын хээр алаг удаалав. 

Энэ баярын талаар их уяач Д.Даваахүү нэгэнтээ “Их хүрэнг түрүүлсэн дараа манай ажаа, нутгийн бас нэг уяачтай очиж үзсэн. Дээд удмаараа энэ хүлэг чинь манай адуутай бас хамаатдаг л даа. Мөн ч гоё шүү. Цуг явсан хүн ийм жижигхэн азарга төрийн наадамд бас түрүүлдэг юмаа гэхэд Ажаа маань Үгүй чи тэр нүдийг нь хараач, ямар сайхан юм бэ, одоо аягүй бол өшиглөчих гээд зогсч байгаа биз....гэж байсан юм даа. Бага хүрэн гоё азарга гэхдээ их хүрэнгийн дэргэд бол дуураймал юм даа” хэмээн ХХ зууны аварга морьдыг өөрийн нүдээр гарсан их уяач магтаж байж билээ.

Төрийн наадамд хүрэн азаргаа түрүүлгээд буцах замдаа Өнжүүлийн наадамд очлоо. Хүрэн азаргаа мордуулахгүй, алга морио уралдуулья гэж бодож байтал “сумын наадмыг голоо юу” гэсэн яриа гарч уралдуулан түрүүлэв. Алаг морь нь Чойдогийн хурдан харлагийн ард ирж аман хүзүүдлээ. Дараа жил нь Дундговь аймаг Адуучид, үхэрчдийн баяр том наадамд хийх дуулианаар их уяачийг улсад явуулаагүй юм гэдэг. Аймагтаа наадаж хүрэн азарга алаг морь хоёр түрүүлж, хүрэн үрээ айрагдлаа.

Тэр жил улсын наадамд Дорнойн Сундуйн хүрэн азарга түрүүлсэн. Ж.Содномпил хожим “Уул нь 1975 онд улсад явсан бол ямар ч байсан айраг авах байсан. Эзэн хүний хувьд бол түрүү байсан байх гэж одоо хүртэл бодож явдаг даа. Үүний дараа улсын наадамд 1976, 1977 онуудад дараалан аман хүзүүдсэн.  1976 онд Зэвгээгийн борын дараа орж айрагдсан. Зэвгээгийн бор азарга хошуу өлгөж түрүүлэхэд хүмүүс болдогсон бол нэг гуядаад түрүүлэх байсан даа гэж халаглаж байв. Хүрэн азарга ер нь зоргоороо,  ширүүн зан төрхтэй, гуядвал булгидаг, амыг нь татвал хадуурдаг, зөнгөөрөө уралддаг адуу.