Дулаан Дамдинжав
Хэнтий зүгийн нэрт уяачдын талаар Н.Санжаадоржийн бичсэн Хүлэгч, хүлэгс хэмээх сайхан ном байдаг билээ. Энэ дундаас ХХ зууны шалгарсан манлай уяачдын нэг, дурсгалын мөнгөн судрыг гал голомтдоо хадгалуулагч Жанцангийн Дамдинжавын талаар ингэж дурссан билээ.
Нэрт уяач “дулаан” Дамдинжав гуайг Улсын наадамд таван хонгор адуу түрүүлгэсэн хүн гэж уяачид бахдан ярьцгаасаар ирсэн. Хурдан морины цуваанд лав дөрвөн хонгор адуу түрүүлгэсэн нь бий. Тодруулбал 1950 онд хонгор хязаалан, 1953 онд хонгор азарга, 1962 онд хонгор хязаалан, хонгор шүдлэн тус тус түрүүлгэж 14 адуу айрагдуулж байсан нь бичигдэн үлджээ. Их уяач “дулаан” Дамдинжав гуайн хувьд бол хурдан адуу, уяачийн эрдмийг гаднаас хайх зовлон байсангүй. Аль ч насны морийг уяж чаддаг нь өөрийг нь унаган эрдэм, авъяас байсан хэрэг. Харин малчин биш төрийн албан хаагч байсан учраас морь уях нь олон янзаар хоригдож бусдаас илүү хавчигдаж байсан нь үнэн. Тиймээс цаг үеийн байдлаас хамаарч тохироо бүрдсэн үеийг нь тааруулж улсын наадамд ирж уралддаг байсан нь цөөхөн удаа ирсний нэг шалтгаан нь энэ юм. Ихэнхдээ хөдөө сумдаар тэгэхдээ бүр хадам ах Гомбодоржийнхоо нэрээр цоллуулж байсан нь ч олон байжээ.
Эрдэмтэн О.Намнандорж номондоо “дулааны хонгор” гэдэг алдарт хурдан хүлэг том, бага уралдаанд 19 түрүүлсэн гэж ишлэн онцолж бичсэн нь бий. Энэ хонгор морийг “дулаан” Дамдинжав гуай Галшар нутгаасаа авчирчээ. Гайхамшигт энэ хүлэг улсын наадамд хоёрхон удаа уралдсан байдаг юм. Энэ нь элдэв хэл амнаас хөндий байх ёс суртахуунд захирагдаж байсан нь ч улсын наадамд ирж уралдахгүй байх бас нэг шалтгаан байжээ.
Хоёр удаа ирж уралдсаны нэг нь улсын наадмын цуваанд бичигдээгүй, нэг будлиантай уралдааны тухай уяачид ингэж ярьдаг юм. Улсын наадмын тэр уралдаанд хонгор морь “хүүхэн шүүлэнгийн хээр” гэдэг морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Гэтэл уралдаан будилаантай болж дахин уралдах шийдвэр гарахад “дулаан” Дамдинжав гуай “хонгор морь хойшоо доголсон” гэж хэлээд уралдаагүй гэдэг. Харин түрүүлсэн хээр морь дахин уралдаад долоод оржээ. Алдар цуут “дулааны хонгор” морь улсад ирж уралдсаны нэг нь энэ юм.
Бас нэг нь 1945 онд “дулааны хонгор” морь улсын наадамд ирж уралдаад Баян сумын “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морьтой холбоотой ирээд аман хүзүүджээ. Энэ уралдаан улсын наадмын цуваанд бичигдсэн байгаа. Баянцагааныхан “дулааны хонгор” түрүүлсэнгүй гэж ярьсаар их л гонсгор буцсан гэдэг. Учир нь “Дулаан” Дамдинжав” гуайтай Баянцагааныхан нутгархаж “дулааны хонгорыг түрүүлчихээсэй” гэж л санаа тавин харцгаадаг байж. Түүнээс хойш “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морь улсын наадамд дахин нэг түрүүлсэн байдаг юм. Тэр наадмын ар дээр Төв аймгийн Баянцагаан сумын наадам болох тов зарлагдаад байж. Зар тарсанаас хойш удалгүй энэ наадамд “хөндлөн” Дугарсүрэн улсад хоёр түрүүлсэн хар морио ирж уралдах гэнэ гэсэн яриа олны дунд таржээ. “Дулаан”-ы хонгор морь ч уралдах нь тодорхой. Төрийн наадмын довон дээр зуузай холбон ирж хойно урдаа оролцсон хоёр ийнхүү дахин учрах болсон нь чихтэй бүхний чихийг сортойлгох нь тэр. Наадамчдын тэсэн ядан хүлээсэн тэр уралдааныг нүд салгалгүй харсан олны нүдэнд хоёр морь холбоотой явсаар барианы зурхай харагдахад “дулааны хонгор” морь “хөндлөн” Дугарсүрэнгийн хар морийг гээн хаяж бахархалтай сайхан түрүүлсэн нь түүх болон яригдсаар иржээ. Үүнийг харсан, сонссон Баянцагааныхан ёстой нэг, дайснаа дарсан мэт хөгшин, залуу, хөрөв нялхгүй хөөр баяр болсон гэдэг. Тэр наадамд Баянцагааны урдаа барьдаг нэрт уяач Нэрэнжимээгийн хээр морь гуравт, Мөнхийн улаан морь дөрөвт, “бүдүүн” Жамцын “Баянцагаанд дөрөв түрүүлж, улсад долоо, наймд орсон” хурдан хээр морь тавд тус тус айрагджээ. Энэ уралдаан бол үнэхээр ир шандас шалгасан их морьдын уралдаан болсон байлаа. Хожим хойно Мөнхийн Данзанням гуайн хурдан хээр морийг---“дулааны хонгор” морьтой төстэй туурайн чимээ ихтэй морь байна... гэж уяачид жишиж ярьдаг байсан нь аргагүй л онцгой морь байсан хэрэг.
Нэг удаа Дундговийн Цагаандэлгэрийн наадам оройхон зарлагджээ. Тэр наадамд улсад хоёр түрүүлсэн “шорон хуруу” Хайнзангийн хонгор морь, “дулааны хонгор” морь хоёр ирж уралдана гэсэн олны яриа оч үсрэх мэт дорхноо таржээ. Үүнийг сонссон Баянцагааны нэрт уяач Батбуянгийн төрсөн дүү уяач Аривжих “ хоёр сайн морины эзэд уяачид мориндоо чухам ямар ажил хийдэг улс юм бол”... гэж бодоод ажиглахаар шийдэж. Наадмын урьд өдөр нь ойролцоох Хараатын овоон дээр үдээр гараад дурандаад суугаад байж. Тэгсэн үдээс хойхоно “шорон хуруу” Хайнзан майхныхаа гаднаас нэмнээ авч очоод хонгор морио нэмнээд хөдөлгөж байгаа харагдаж. Удалгүй “дулаан” Дамдинжав гуай бас хонгор морио хөлс татаж байхыг харж. Энэ улсууд тулсан моринд ингэж л ажил хийдэг юм билээ ... гэж тэрээр хожим ярьж байжээ.
Зарлагдсан наадам товолсон өдрөө болж. Их насны морь удаж удаж их орой морджээ. Оройтож мордсон морьд явсаар түрүүчийн хоёр морь үдэш барианд орж ирэв. Харуй бүрийд үзэгчдийн захад холбоотой ирээд “шорон хуруу” Хайнзангийн хонгор морь түрүүлж “дулааны хонгор” морь аман хүзүүний пайз авчээ. “Дулааны хонгор” ингэж хоёр дахь удаа аман хүзүүдсэн гэдэг. Төв аймагт “дулаан” Дамдинжав гуайг байх үед Тод манлай уяач Д.Даваахүү уулзангаа яриан дундаа --- Та яагаад хонгор морио Цагаандэлгэрт аман хүзүүдүүлчихсэн юм бэ?... гэхэд ---их морь орой мордоод харуй бүрий болчихоод... ганцааранг нь салгаад явуулчих гэхээр бага, нялх хүүхэд унаж байсан болохоор төөрчих байх гэж бодогдоод. Салгаж явуулалгүй татуулж байгаад ойрхон ирээд хумсны хурдтай, годгор юманд дайруулчихгүй юу золиг чинь ... гэж байсан гэдэг.
Ер нь Дундговийн Цагаандэлгэрийнхэн гаднаас морь очихоор ч зориуд тэгдэг байсан юм уу?, угаасаа ажил нь амжихгүй байсаар морио орой мордуулдаг байсан ч юм уу? янз янзаар ярьдаг ч орой мордуулж үдэш харанхуйгаар уралдсан морьд ирж будилаантай л юм болдог байж. Хэнтийн Дэлгэрхааны Мөнгөний Лувсандорж хурдан хар морио улсад түрүүлэхийн өмнө Цагаандэлгэрт есөн настай очиж уралдаж байхад бас л оройхон мордуулж үдэш харуй бүрийгээр түрүүлж байсан аж. Мөнгөний Лувсандоржоос --- хар морь чинь яаж түрүүлэв гэхэд --- сайхан түрүүллээ... орой мордож бүрэнхийд ирээд олон түмэнд гүйцэд харуулж чадсангүй дээ хө... гэж байсан гэдэг юм. Энэ бол олон түмний оюун сэтгэлд үлдсэн л яриа түүх болон мөнхөрчээ.
1980-аад оны тэр үед өнөөгийн зууны манлай, Хөдөлмөрийн баатар, уяач Д.Даваахүү бага залуухан, бас ч морин тойруулгын уяач хийж алдаж онож явсан үе. “Дулаан” Дамдинжав гуайтай ойр дотно танилцаж үгийг нь сонсож явсан хувьтай хүү болохоор түүнд өвгөний буян ямар нэг хэмжээгээр наалдсан л байж таарна. Залуу уяач Д.Даваахүү өвгөнийг гэртээ авчирч өөхтэй буузаар дайлж, үг өдөж байгаад л яриулдаг байж. Дамдинжав гуай түүнд “...улсад хоёр азарга айрагдуулчихаад байж байхад зүгээрч юм шиг л байлаа шүү үү... гээд л урлагтай ярьдаг. Хашир өвгөн 1953 оны улсын наадамд хонгор, саарал хоёр унаган азаргаа түрүү, аман хүзүүнд оруулчихаад байхад ямар шүү байсныгаа ингэж ярьж байжээ. Барагтай юмыг тоодоггүй мөртлөө --- Даваахүү... хүүтэй морь ярихад зүгээр байдаг юм, уяа нийлдгийм... гэж намайг онгироогоод л аятайхан ярина даа. Би даан ч багадаад байсан юм. Надад адуу өгсөн. Тийм хүн юм өгч байхад аваагүй нь би их буянаа хаасан даа... гэж их уяач Д.Даваахүү гуай дурсч байлаа.
Өвгөн уяач “дулаан” Дамдинжав гуай нутгийн “өвгөн ноён”-оо, тайж, уяач бэйлийн Сүрэнхорол нарын тухай сонирхолтой, гайхалтай зүйл ярьдаг байж. Харин Дагмид-Очир мээрэнг бол их магтаж ярихгүй. --- яахав манай Дагмид... гэж хааяа л ярина. Харин Донойн Цэгмэд гуайг тоож ярьдгүй хүн байж.
Их уяач тэрээр 1962 онд 66 настайдаа улсын наадамд бага дөрвөн насанд дөрвөн хонгор адуу уяж ирээд хязаалан, шүдлэн түрүүлгэн, соёолон, даагаа айрагдуулж өөрөөр хэлвэл хоёр түрүү хоёр айраг авчээ. Тэгэхэд хонгор даага нь түрүүлж ирээд бариан дээр таварцаглаж унаад гуравт баригдсан байна. Үүнийг харсан олон түмэн “ингэж аз дутаагүй бол төрийн наадмын доод гурван насны түрүүг авах байсан юм”... гэж шогширон ярьсаар тэр жилийн наадам өндөрлөж байсан удаатай ажээ.
“Дулаан” Дамдинжав гуай үүнээс аль эрт 1950 оны улсын наадамд хязаалан түрүүлгэж, азарга, соёолон, даага айрагдуулж 4 адуу цоллуулж байсан түүх бий. Тэр үед нь уяач Мөнхийн Данзанням гуай нэг үрээг нь авъя гэж хоёр ч удаа хэлэхэд “дулаан” Дамдинжав гуай юу ч хэлээгүй, тоож дуугараагүй гэдэг.
Баянцагааныхан Гомбодоржыг сайн уяач гэж хүндэлдэг. Тэр нь ч аргагүй. Улсын наадамд айраг түрүү олныг авсан данстай уяач хүн. “Дулаан” Дамдинжав гуайн эхнэрийнх нь төрсөн ах буюу хадам ах нь байж. Түүгээр уяулж, түүний нэр дээр ч цоллуулж байсныг дээр өгүүлсөн. Залуу уяач Д.Даваахүү өвгөнтэй хуучилж байхдаа --- Гомбодорж гуай ер нь ямар шүү уяач байсан юм бэ дээ? гэж магтах л байх гэж бодоод асуухад “дулаан” Дамдинжав гуай --- яах вэ? зөвдсөн морийг ч буруутуулдаггүй хүн байсан юм шүү... гэж хэлж гайхшируулжээ. Монгол уяачийг үнэлэх үнэлэмжийн хэмжээс ямар өвөрмөц ,өндөр агууламжтай байсныг эндээс ойлгож болно.
1941 онд Дэрэнгийн “шодон” Навааны халиун гэдэг морийг улсад түрүүлэхийг үзэж л дээ. Тэгээд ... саяын морины түрүүг харлаа ... хөдлөхгүй л юм шиг харагдлаа ... гэж байсан гэдэг. Ирж буй адууны давхилыг хараад хэлчих хэмжээний нүдний хялаа арилсан хүн байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
“Дулаан”-ы хонгорын удам угшил
Нэрт уяач “дулаан” Дамдинжав гуайн хурдан хонгор азарга өвгөртлөө төл өгчээ. Азарга гүүг яаж нийлүүлдэг юм бол гэж хүнээс асуухгүй нь ойлгомжтой. Тэдний адууны эр болгон нь хурдалж , охин болгоноос нь хурд төрсөн ч гэж хэлж болно. Өнөөг хүртэл “дулаан” адууны угшилтай гэцгээдэг нь удам тасраагүйг илтгэж байгаа хэрэг.
Олны мэдэх Баянцагааны их уяач Нэрэнжимээгийн хүргэн Дундговийн Дашдоо гэж байж. Тэр дулаан адууны хонгор азарга тавиад “толин” гэж сайн хурдан азаргатай болжээ. “Анааш” гэж Нэрэнжимээгийн хээр азаргатай “толин” хоёулаа завсаргүй л ордог байж. Тэднийд өөр олон хурд ч төрсөн. Нэг жил Дашдоо Дэрэнгийн наадмын таван түрүү дөрвөн айргийг авч олныг шуугиулж байж. Мөн хойтон жил нь Говьсүмбэрт бас таван түрүү, дөрвөн айраг авч байсан нь тэднийд гарсан “дулаан адуу”-ны эр болгон нь хурдалж байжээ. Гэтэл цагаан хэл амаа дийлэлгүй намар нь мотоцикльтэй явж байгаад осолдож эндсэн гэсэн яриа гарсан байдаг юм.
Дулаан адуу баруун тийш гараагүй. Баянцагааны зүүн тал, Баян, Баянжаргалан түүнээс урагшаагаа их тарсан гэдэг. Баян сумын Дүнгээ, Баянцагааны “шаваа”-гийн Базар, Махбалын хурдан хонгор адуунууд гээд “дулаан” адуутай айлууд олон. Сэргэлэн сумынхан ч “манайд бий” гээд ярьж л байдаг юм. Мөнгөн морьтын хорихын жолооч Дагвацэрэн “дулаан” Дамдинжав гуайн морийг хар багаас олон жил унаж, зарагдаж өссөн хүн. Өвгөн Дагвацэрэнд өгсөн адууны угшил Мөнгөнморьт, Баяндэлгэр сумдаар нилээд бий ажээ.
Төв аймгийн Алтанбулаг сумын мал баазын дарга Тогмид зорьж ирж танилцаад хэдэн адуу аваад явжээ. Тэр аваачсан адуунууд их хурдалж 1968 онд Тогмидын хоёр азарга дараагаараа орж байсны дээр тэдний удам угшил их хурдалсан гэдэг юм.
“Дулаан” Дамдинжав гуайн ганц охиныг Цэгмэд гэдэг. Хурдан адууг унаж уралдаж өссөн монгол бүсгүй. Хүргэнийг нь Дашдэмбэрэл гэнэ. Өөрийнх нь хэлснээр адууг адуу л гэж танихаас цаашихыг мэддэггүй гэнэ. 1967 оны үед хүргэнийх Хэнтийн Жаргалтхаан суманд шилжин суурьшжээ. “Дулаан” Дамдинжав гуай охиноо дагаж Жаргалтхаан суманд өөрийн цөөн хэдэн адуутайгаа ирж намйан жил амьдарчээ. Дамдинжав гуай гартаа, хүзүүндээ хоёр эрхитэй явдгаас Жаргалтхаан сумынхан “эрхит” өвгөн гэцгээдэг байв.
Энд ирээд өөрийн адуунаасаа олон хүнд өгсний нэг нь Жаргалтхаан сумын орлогч “год” Гомбосүрэнд хонгор байдас өгчээ. “Год” Гомбосүрэн хонгор байдсыг сумандаа хоёр аман хүзүүдсэн жижиг майлуу халзан азарганд хураалгачихаад Жаргалтхаан сумын хойхно өртөө адуу цуглуулаад байж байтал “дулаан” Дамдинжав гуай хоёр эрхээ бариад даг даг шогшиж ирснээ “год” Гомбосүрэнгээс ---Чи хонгор байдсаа ямар азарганд тавьсан бэ? гэж асуухад энэ майлуу халзан алагтаа тавьсан гэхээр нь --- “чи хонгор байдсыг Дагвабүслүүрийн шар хээрд хураалгасангүй” гэж зэмлэн хэлжээ. Загнуулсан “год” Гомбосүрэн Дагвабүслүүрийн шар хээрд хонгор байдсаа хураалган салгаад явуулжээ. Хойтон хавар нь эр хээр унага гарсан нь эхлээд “год” Гомбосүрэнгийн, сүүлдээ зарагдаж Ар-Үрийн хээр гэж нэрлэгдсэн насны хурдан азарга гарсан байдаг. Аймгийн Алдарт уяач Ар-Үр гуай хээр азаргыг ч, түүний үр төлүүдийг ч их хурдлуулсан юм. Ар-Үр гуайн хээр азарга сүүлдээ Багануурын уяачдын холбооны тэргүүн Элбэгсайханд очиж хурдалж байлаа. Элбэгсайхан хээр азаргаа өвгөрхөөр нь нутагт нь авчирч наадам хийж хүндлэн жаргаасан даа.
Жаргалтхаанд “дулаан” Дамдинжав гуайг очиход хамт цэрэгт байсан цэргийн найз Дашзэвгэ байж таарчээ. Цэргийн найздаа хонгор гүү бэлэглэсэн нь түүний дүү уяач Зундуйд очсон байна. Жаргалтхааныхан уяач Зундуйгуайн олон хурдууд энэ хонгор гүүнээс гарсан гэдгийг нутгийнхан андахгүй. Зундуй гуайг “аймгийн Алдарт уяач” цолоор шагнагдсанд сумынхан их л баяртай байсан. “Дулаан” Дамдинжав гуайн хурдан хонгоруудын угшлаар Валя, Дагвабүслүүр, Долгордагва гээд Жаргалтхаан суманд олон айлын адуу сайжирсныг бүгд л мэддэг. Энэ тухай Жаргалтхаан сумын өндөр настан, аймгийн Алдарт уяач Сандагдорж гуай тодорхой ярьдаг юм.
Ийнхүү Жаргалтхаан сумын нэгэн үеийн хурд “ дулаан” Дамдинжав гуайн хурдны буянтай холбогддог учир ийм ажээ. Эрхит өвгөнөө Жаргалтхааны уяачид одоо ч санаж дурссаар л байдаг юм даа.
Халх нутгийн нэрт уяач “дулаан” Дамдинжав гуай маань сүүлийн он жилүүдээ Зуун мод хотод өнгөрөөхдөө шагай харван наадаж, сайхан үгээ хайрлаж, үлгэрийн далай ... уншсаар ер шахам насандаа бурханы оронд одсондоо.
Сэцэнхан аймгийн Хардэл жанжин бэйсийн хошууны эрдэмт уяачдын тоонд зүй ёсоор эрэмбэлэгдэх “дулаан” хэмээх Жанцангийн Дамдинжав гуай төрийн наадмын дэнж, адуун соёлын дэвжээн дээр арилшгүй мөрөө үлдээн, ийнхүү халхын том уяачдын эгнээнд алтан үсгээр бичигджээ.
Монгол уяачийн хөгжлийн оргил болсон зан үйл, морин эрдэнийн заяа, заслын далд эрдэмийг өндөр ёс суртахуунд шингээн цэнгэдэг, үнэт өв соёлыг уламжлан тээж өнөө үеийнхэнд хүргэж ирсэн өвгөн уяачийн ариун үйлс цаг улирах тусам дурсагдан гэрэлтсээр байх ажгуу.
Н.Санжаадорж