Домог, хууч яриа

Наваанмөрийн Пад

ХХ зуунд гаргасан уяач нь манлай уяачийн зэрэгт хүрсэн ч энэ цолыг бий болгоход өөд болсон байсан 13 хүний гал голомтод дурсгалын мөнгөн судрыг үүрд хадгалуулсан юм. Энэ 13 хүний дийлэнх нь өдгөөгийн Төв аймгийн хүмүүс билээ. 

Наваанмөрийн Пад гуай бол удам угсаагаараа Манзушир хутагтын шавь өнгөрсөн эхэн үеийн Монголын үндэсний томоохон хөрөнгөтнүүдийн нэг байсан юм. Ар Халхын зартай баян Н.Пад гуай өөрийн хөрөнгө, мал сүрэгт түшиглэн дорвитой томоохон ажил нилээдийг хийсний нэг нь “ Их шавийн” гэж нэрлэгдэх болсон хурдан адууны бэсрэгхэн боловч хүчтэй угшлыг бүрдүүлсэн явдал юм. 1900-аад оноос эхлэн тодорхой зорилго тавин, алхам алхмаар, бодлоготой ажилласны үрээр 1920-иод он болоход тэдний адуу илт сайжирч улсын наадамд хурдан морьд нь айрагдах болжээ. Энэ их уяач таван түрүү, долоон айраг авсан баттай мэдээ бий. 1925 онд Зээрд халзан морь гуравт, 1929 онд Хар шүдлэн түрүү, 1933 онд Хүрэн азарга аман хүзүү, 1934 онд  Хүрэн халзан морь дөрөв, 1935, 1938, 1941 онуудад Хүрэн азарга түрүү, 1941 онд Хүрэн халзан хязаалан гурав, 1943 онд Хүрэн даага тав, 1944 онд Зээрд халзан морь тав, Хар ногоон шүдлэн түрүү, 1945 онд Цоохор хязаалан аман хүзүүдсэн нь тус тус түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Эдний адууны угшлаас Балжингийн Алтангэрэлийн Ухаа азарга (1965), Ухаа морь (1964)хоёр юм. Пад гуайн хүү Цэдэв уяач 1946 онд буюу цэргээс ирсэн жилээ улсад хонгор хязаалан айрагдуулжээ.Түүнээс хойш 20 гаруй жил тасралтгүй морь уясан ч айрагдуулж чадахгүй л явсан бөгөөд харин хүнд өгсөн нь сайн хурдалж байжээ. Ганцхан жишээ хэлэхэд 1955 онд нэг нутгийн Сүрэнжав гуайд өгсөн Зээрд халзан даага нь тэр жилдээ сумандаа түрүүлээд, 1956 онд шүдлэндээ улсын наадамд түрүүлж, 1957 онд хязааландаа, 1958 онд соёолондоо улсын наадамд тус тус аман хүзүүдсэн. Ийнхүү бага насандаа айраг түрүүнээс салахгүй хурдалсан морьд ХХ зуунд ердөө 14-15-хан гарсан юм. 
Удам, уламжлалаа даган морь уях ажлыг олон жил уйгагүй, тасралтгүй үргэлжлүүлсний эцэст Цэдэв гуай 1968 онд улсын наадамд их насны морь айрагдуулсан юм.

Улсын баярт айрагдсан Жамцын Хар алаг соёолон бол яах аргагүй Цэдэв гуайн унаган адуу. Цэдэв гуай өөрөө уясан юм. Жамцын нэг хүүгээр морио унуулаад шанд нь өгсөн адуу юм. 1968 онд Донойдойн Галаас толгой бор хэмээх морийг авч уян айрагдуулж, бор соёолонгоо түрүүлгэсэн. П.Цэдэв гуайн хийсэн бас нэг сонин ажил бол анх удаа баруун хойноос хурдан морь авсан явдал юм. Жаргалант адуу хурдан болж байна гэдгийг хамгийн түрүүнд мэдэрсэн хүн дээ. Хоёр соёолон бор морийг хоёуланг нь Борнуураас авсан юм.
Падын Цэдэв, Цэдэвийн Мэндсайхан, Батсайхан нар эцэг өвгөдийнхөө энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлэн өнөө цагт морь уяж яваа нь тун сайшаалтай. Цэдэвийн Мэндсайханы зээрд даага 1999 онд улсын наадамд тавд давхиснаар эднийхэн ХХ зуунд Монгол төрийн их баяр наадамд гурван үеэрээ морь айрагдуулсан гуравхан айлын нэг болсон юм.