Алтан унага төрдөг хулгар Нарангэрэлийн адуу
ХХ зууны шалгарсан манлай түмэн эх Долгорын Ганбаатарын халзан морь Зүүнхараа нутгийн нэрийг улс орон даяар зарлуулахын зэрэгцээ, унаган эзэн Цэрэндашийн Нарангэрэлийг монгол түмний танил болгосон билээ. Эдний унаган адуу дугуй хүрээтэй чойнжин тамгатай. Нэрт уяач Цэрэндашийн Нарангэрэл бага залуу насандаа шаггүй барилдаж "Ургацын шар Нараа" нэртэй сүрхий бөх явжээ. Өсвөр үеийн улсын аваргаас үндэсний бөхийн төрөлд ч медаль авсан удаатай. Өвөг эцэг Сандагийн Цэрэндаш нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн бол, аав Цэвэлмаа нь Төв аймгийн Баянжаргалан, Сэргэлэн сумдаар нутаглаж байлаа.
Санжаабүрэгийн цавьдар, Даваанэрэнгийн мөнх төрийн мөнгөн магнай, Гэсэрваанийн хүрэн зэрэг олон газрын хурдан сайн адуу цуглуулсан хүн. Нэг жилийн наадамд уясан дөрвөн их морь нь айрагдаж түрүүлж байсан удаа ч бий. Төв аймгийн Сэргэлэн сумын 70, 80, 90 жилүүдийн ойд дараалан айраг түрүү авсан гайхам амжилтыг гаргасан. Унаган адуу нь ид хурдалж байхад ММСУХ-ноос хүндэт өргөмжлөлийг (одоогийн молор унага) гардуулж байсан түүхтэй юм.
Дархан түмэн эх Д.Ганбаатарын халзан морь ийм түүхтэй.
Эцэг: Галшарын нэрт уяач олон түмнээ “Ангасай” хэмээн алдаршсан Д.Банзрагч улс хувьсгалын 50 жилийн ойгоор саарал азаргаа түрүүлгэв. Энэхүү саарал азарга бол Галшарын нэрт уяач Донойн Цэгмидийн АХ-ын 30 жилийн ойгоор түрүүлсэн саарал азарганы үрийн үр аж. Д.Банзрагч 25 жилийн дараа төрийн наадмыг зорин ирж азарга түрүүлгэчихээд буцахдаа Баянжаргалан сумын нэрт уяач Н.Даваанэрэнгийн Санжаад саарал даага бэлэглэжээ. Д.Санжаа түүнийг нь Мөнх төрийн Мөнгөн магнай халзан азаргандаа хураалгаж, охин зээрд халзан унагатай болжээ. Хоёр талаас хурдны удамтай зээрд халзан даагаа Д.Санжаа хадам аав Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат “атигар” хэмээх Базарсадад бэлгэнд өгч. Базарсад түүнийг нь Манлай уяач С.Гэсэрваанийн цайвар хүрэн азарганы төл шарга халзан азарганд хураалгаад эр цавьдар халзан унагатай болж. Түүнийгээ Баяндэлгэр сумын Нүрзэд гэгчид өгсөн байна. Нүрзэд түүнийг нь уяж, шүдлэн, хязааланд нь сумандаа түрүүлгээд Баянжаргалан сумын Наваан-Осорын Дагвадоржид өгсөн ч уяж амжилгүй 1985 онд найз Ц.Нарангэрэлдээ бэлэглэжээ. Холын сайн цустай халзан азарга Ц.Нарангэрэлийнд ирсэн цагаас хурд тарьж, Дархан түмэн эх зээрд халзан, Бөмбөг халзан зэрэг цуут хурдан хүлгүүдийг бий болгожээ.
Эх: Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Сандагийн Цэрэндаш Баян сумын харьяат Очирын Санжаабүрэгээс алдарт Шийтэрийн зээрдтэй нас чацуу, эцэг нэгтэй цавьдар азарганых нь үр хүрэн халзан азаргыг авчээ. Энэхүү халзан азарганы үр хүрэн халзан азарга гарч, түүний төл хонгор халзан гүү гарсан нь Дархан түмэн эх зээрд халзангийн эх ажгуу.
Ийн Халхын цуут хүлгүүдийн цус нэвчсэн зээрд халзан үрээгээ Ц.Нарангэрэл өөрийн найз Батчулуундаа бэлэглэж, өнөөх нь Зүүнхараад цайны хүнтэй болсон ээждээ хонинд унуулахаар явуулжээ.
Хөөрхөн алхаатай зээрд халзан үрээг Д.Ганбаатар эртнээс сонирхож, хоёр ч удаа авахаар оролдоод бүтэлгүйтэж. Тэгж байтал нэг хавар айлын хөгшин бурхан болж, эмгэн нь нутаг буцахаар шийджээ. Яг энэ үед үнээ нь тугаллаж, тэргэнд орох сайн морь хэрэгтэй болсон тул Д.Ганбаатарт хандан тэрэгний морь, хязаалан эр хонь аваад зээрд халзан соёолонгоо өгчээ. Дархан түмэн эх зээрд халзан эзэнтэйгээ уулзсан түүх ийм буюу.
Зээрд халзан морь хавчигтаа улсын наадамд 17-д давхисан. Харин түүний дараа жил Мандал сумын 75 жилийн ой, Сэлэнгийн бага хурд уралдаануудад түрүүлж, Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд долоолоод, Хэнтий аймагт болсон Өвгөн ноёны наадамд 12-т давхисан байна. Ийнхүү нэлээд хэд уралдчихсан халзан морь Буянт-Ухаагийн дэнжид түрүүлэн ирж, түмэн олноо баясган төрийн наадамд долоотой түрүүлсэн дөрөв дэх хүлэг болсон юм.
1997 онд АХ-ын 76 жилийн ойн баяр наадамд түрүү
1999 онд АХ-ын 78 жилийн ойн баяр наадамд түрүү
2000 онд АХ-ын 79 жилийн ойн баяр наадмын түрүү
2000 онд Тамирын хурд Хангайн бүсийн уралдаанд түрүү
2001 онд АХ-ын 80 жилийн ойн баяр наадамд айргийн гурав
1998 онд Шигшмэл морьдын Их хурд-1 уралдаанд 14
2001 онд Их хурд-2 уралдаанд 7 д тус тус хурдалжээ.
Б.Мөнгөн-Оньсын Бөмбөг халзан морь юм 1996 онд соёолондоо улсын наадамд айргийн тавд давхиж, 1999 онд Ононмөр хавангийн нэрэмжит Боржигоны төвийн бүсийн уралдаанд айрагдаж, 2001 онд шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд тавд хурдалж монголын хурдан морины түүхэнд гоц сайхан амжилтыг гаргасан юм.
Бөмбөг халзан, Дархан түмэн эх Д.Ганбаатарын зээрд халзан хоёр бол эцэг нэгтэй, эгч дүү хонгор халзан гүүнүүдээс гарсан унаганууд.
Бөмбөг халзан морины эгч гүүнээс гарсан бас нэг халзан морь 2015 оны хангайн бүсийн “Булганхангайн хурд-2015” уралдаанд түрүүлээд, давхар уяагаар ММСУХ-ны 20 жилийн ойн бүсийн уралдаанд долоод хурдалсан.
Ц.Нарангэрэл гурван охин, гурван хүүтэй. Эдний тав дахь хүү алтан унаганы эзэн Нарангэрэлийн Эрхэмбаяр аавын унаган тамгат адуун сүргээ уяж сойж, сайхан хурдлуулж байна. Суугуул нутаг Хэнтий аймгийн Норовлин сумын түүхт 100 жилийн ойд дээд гурван насны түрүүг хээр адуугаар авч, шүдлэн гуравт, унаган хоёр даага нь дөрөв таваар хурдалж байсан юм.