Ялалт хүрэн
Тод манлай уяач Дайдийхүүгийн Баяраа хүрэн адууны үүдтэй хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Үнэн ч байх. Монголын морин спорт уяачдын холбооны дээд цолд хүрэхдээ голдуу ийм зүсний адуугаар наадсан байдаг юм.
2011 оны Дүнжингаравт хонгор халзан соёолон айрагдсан. Дараа жил нь Шувуухай хурдан байсан. Түүний дараагийн жилүүдэд ялалт хүрэн хурдан байлаа. Ер нь найман жилийн турш их наадмын айраг алгасаагүй уяач юм. Ялалт хүрэн 2013 оны Завхан аймгийн түүхт 90 жилийн ойд сонгомол дээд ангиллын уралдаанд түрүүлж, сонгомол бага ангилалд хээр даага айрагдсан. Мөн 2014 оны Дүнжингаравт гуравт, улсын баяр наадмын сонгомол ангилалд айрагдсан. Тэр жилээ Баянхонгор аймагт болсон Ламын гэгээний даншигт аман хүзүүдсэн. Сүхбаатар аймгаас чамгүй үнэтэй халтар морь авчирч уяж байсан. Энэ морь олон том наадамд зарлагдаж уралдаад айргийн араар орчхоод байсан. Харин 2016 онд Төв аймгийн Баянцогтын наадамд айрагдсан даа.
Түүний тод манлай уяач цолд хүртлээ айрагдуулсан морьдын хоёроос бусад нь хүрэн зээрд зүстэй байдаг нь дээр хэлсэн хүрэн адууны үүдтэй гэдгийн баталгаа болов уу.
Ялалт хүрэн азарга Ерөнхийлөгч Н.Энхбаярт Арабын шейхаас бэлгэнд ирсэн цагаан азарганы төл. Төрийн тэргүүний хязаалан цагаанг Гавьяат мал зүйч Д.Самданжамц маллаж байсан бөгөөд Жаргалант угшилтай хүрэн гүү хураалгаж гарсан төл нь Ялалт хүрэн юм. 2012 онд хязаалан үрээ Д.Баяраа тод авч дараа жилээс нь уясан. Соёолон төрөлх аймгийнхаа баяр наадамд сонгомол дээд насанд түрүүлгэж, 2014 онд монгол улсын алдарт уяач цол хүртэхдээ “Дүнжингаравын хурд-2014”хаврын бүсийн уралдаанд айргийн гуравт, зун нь АХ-ын 93 жилийн ойд айргийн дөрөвт давхиулаад гурав дахь давхар уяагаар Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүүдүүлжээ.
Ялалт хүрэн араб эцэгтэй тул холын тэвчээр сайтай, Н.Энхбаярын борын ганц төл нь гэдэг. Олон хоногийн урт уяатай, суулт багатай. Ангилалдаа нэг жилийн дотор гурван том наадамд айрагдана гэдэг нь тийм ч олон адууны давтаагүй амжилт билээ.