Улсын шилдэг уяач Н.Бямбацогт
2014 оны үеэс Монголын морин спорт уяачдын холбооноос орон нутагтаа сайн наадаж байгаа, нутгийн уяачдаас улс бүс аймгийн баярт хамгийн өндөр амжилт гаргасан нэг уяачийг шалгаруулж, "улсын шилдэг уяач" гэх өргөмжлөл гардуулдаг болсон билээ. Орон нутгийн салбар холбоо ч мөн шилдэг уяачаа шалгаруулдаг уламжлалтай. Харин төв холбооноос нэг л хүнд энэхүү хүндтэй өргөмжлөлийг гардуулдаг юм. 2015 оны Завхан аймгийн хэдэн мянган уяачаас амжилтаараа шалгарч холбооны шагнал хүртсэн хүн бол Түдэвтэй сумын харьяат Намсрайжавын Бямбацогт билээ. 2015 оны зун аймаг сумдын баяр наадмаас зургаан түрүү 23 айраг авсан амжилтаараа ийнхүү хүндэт өргөмжлөл авлаа. 2015 оны хонин жилийн хавраас тун сайн наадсан. Завхан аймгийн хойд бүсийн уралдаан Сантмаргаз суманд болоход хээр морио түрүүлгэсэн. Үүний дараа дөрвөн сард зүүн бүсдээ дахин магнайлсан. Зун нь Завхан аймгийн баяр наадамд их морь нь гурав дахь том түрүүгээ авсан юм. Тэр баярт Түдэвтэй сумын гурван их морь багтаж одтой сайхан наадацгааж байлаа.
Малчин аавын хүү, ХААИС-ийг малын эмч мэргэжлээр дүүргэсэн энэ хүн хээр мориныхоо алдар амжилтаар нэрд гарчээ. Өнөө жил Т.Галбадрахын унаган хурдан халтар азарга нь энэ зун Сонгино, Сантмаргаз, Увс аймгийн Тэс сумын ойд угсран түрүүлж гайхуулсан билээ.