Донир адуу хийгээд Уртын Гонгор
Ш.Ганхуягийн бичвэр
Лувсангийн Гонгор гэж насыг насалсан сайхан өвгөн байлаа. Бид хоёр Донир адууны тухай ярилцаж байлаа. Тэрбээр ийн өгүүлж билээ. Манайхан Сүхбаатар аймгийн Асгат сумаас Хэнтий аймгийн Баянхутаг суманд нүүж ирлээ. Бид бага. Эхээс есүүлээ. 7 хүү, 2 охинтой айл байсан. Манайх Баруун-Урт хотоос нүүж ирсэн тул нутгийнхан УРТЫНХАН гэж дуудаж ярилцах болж бараг овог шиг яригдах болжээ.
Манай аав Лувсан гэж бие муутай партизан хүн байсан. Нүүж ирснээс хойш хоёр жил болоод бидний хамгийн бага дүү Агваандорж төрсөн. Баянхутаг сумын 8-р багт Донирын Дэмбэрэлийн хүү Лувсандорж гэж байсан. Тэр хүн үр хүүхэдгүй хүн тул манай аав, ээжээс үр хайрла гэж гуйж, аав тэгэхэд бие муутай байсан тул ээжид “Чи энэ олон хүүхдээр яахав. Отгон хүүгээ өг” гэж хэлсэн. Ингээд Агваандорж тэдний хүүхэд болсон юм. Донирын Дэмбэрэл гуайх их хурдтай, хурдан адуу таньдаг, адуунд эртэй хүн байсан гэдэг. Хүмүүсийн ярианаас сонсоход Дэмбэрэлийн бор азарга Даншиг наадамд 2 түрүүлж 1 аман хүзүүлж байсан гэж ярих юм билээ. Хүн амьдралдаа ихийг үзэж туулна. Би цэргээс халагдаж ирээд Артын Мэргэн бандитай 2 удаа мал тууж билээ. Норовлин суманд хонио хяргуулаад хөдөллөө. Би түүнийг ах гэнэ. Тэр их учиртай хүн байсан. Сумын төвд архи ирсэн архи аваад очно гээд хөсөгтэйгээ сумын төв дээр үлдсэн юм. Гэтэл баруун зүгээсээ бороо орлоо. Гэтэл манай хонь баруун тишээ гүйгээд байх юм. Манай ойр буусан туугчийн хонь зүүн тийшээ уруудаад байх адилхан хяргуулсан хонь байж. “Манай энэ хэд яасан заяагүй малнууд вэ” гээд нөгөө туугч гүйж явж билээ. Улзийн голын чоно тун ширүүн. Ах орой ирээд “за одоо ямар ч саадгүй” гэсэн. Тэр янзаараа л болсон.
Манай хадмых 700 гаруй адуутай. Тэдний өгсөн хүрэн гүүг би унаж явлаа. Нэг өдөр жаал хүү “Чи хүрэн гүүгээ зарах уу гэж байна. Би яана ч гэсэнгүй. Тэгээд малаа тушаагаад 250 янчаанаар миний гүүг авлаа. Би түүнээс 25 төгрөг аваад бусдаар нь гэр бүлээ даатган ахад барьсан юм. Мэргэн баньдид эдийн шуналгүй хүн байлаа. Тэр “нэр төрийн хойноос бүү яв. Алдар нэрийг бүү хөөцөлд. Сайн хүн хэзээд сайн” гэж сургасан. Түүнийг л дагасан. Дээр өгүүлсэн Дэмбэрэлийн Лувсандорж гуай дүүг 9 настай өргөж аваад 11 настай байхад нь өнгөрсөн юм. Тэднийхний морийг уядаг байсан эрэг Ёндон гэж уяач лам хүн байсан. Нэгэнт өргөж авсан аав нь өнгөрсөн болохоор дүү гэртээ эргэж ирсэн. Дүүг хүргэж ирсэн Ёндон гуай “3 азарга адуу үлдсэн. Түүнийг аваарай. Хэрэв авбал надад 2 гүү өгөөрэй” гэж байсан. Намайг цэргээс ирэхэд хэдэн гүү, бага насны адуунууд үлдсэн байлаа. Түүнийг нь аваад өсгөж, үржүүлээд олон хүнд тараасан. Одоо ч хурдалж л байна.
Аюух гэж мундаг уяач байлаа. Тэр хүн “Донир адуунд таарах азарга өгнө” гээд “чи сайн уявал айргаас мултрахгүй бас түрүүлэхгүй шүү” гээд хонгор халзан үрээ өгсөн. Мөн Оонон харын угсааны хээр үрээ Милаас авч азарга тавьлаа. Донойн Цэвэгмэд гуайн бүгэн хулын төл саарал азаргыг дүү Дамдинжавдаа авч өгсөн. Түүний төлөөс 2 зээрд халзан азарга гарсан. Тэдний үрүүд 2 хүрэн зээрд халзан азарга гарсан. Халзан азарга 6 удаа айрагдсан. Манай адуунаас 1 хээр морь 1973 онд аймгийн надамд хавчиг соёолон морь түрүүлсэн. Тэр хээр морь 1 жилд 5 түрүүлж байсан. Том бага надамд 50 орчим түрүүлж байсан. Зээрд морь Хэнтий аймагт олон айрагдсан, бас хонгор халзан морь Мөнгөн гэж хамар цагаан хул морь хурдан байгаа сүүлрүүгээ манай адууны хүрэн, зээрд, халиун зүсмийн адуунууд хурдалсан.
Говь-Алтай аймгийн Даншигт айрагдсан Пүрэвдоржийн зээрд халзан азарга эндээс даага явсан юм. Манай нутаг ер нь хэзээний хурдтай, уяачтай нутаг юм шүү дээ. Халх голын дайн болж эрчүүд нь дайнд явсан он жилүүдэд хүүхнүүд нь морио уяад, уралддаг хэмжээндээ л морьдоо уралдуулаад л байдаг байсан юм. Чөлөөлөх дайны дараа бууж өгсөн Японы цэргүүдийг манай нутгаар дайруулаад хотруу машинаар ачиж явсан юм. Тэр үед наадам болж байлаа. Баригдсан Японууд ирж байгааг дуулаад хүүхнүүд нөхрөө ямар хүмүүстэй байлдаад байгааг очиж үзье гэлцэн бүсэндээ хурдан морьны хусуураа хавчуулчихсан давхиж очоод сонирхон харж байсансан.
Бас нэг хууч ярихад Хэнтий аймгийн Баянхутаг сумын Шонхор Лувсандорж Галшар сумын Дагмидын Бүдэрбадаас нохой хул гээч гүүг нь авч цагаан Наваандэндэвийн Буурал духтын үр хүрэн азарганд тавьсанд эр хонгор унага төржээ. Түүнийгээ соёолонд нь туханхайвтар үрээ хөтлөн манайхаар дайраад гарахдаа “үнэ тохирвол зарна” гээд аймагруу явсан юм. Тэгэхэд нь “хэрэв зарагдаагүй бол аваад ирээрэй” гэж хэлэв. Оройхон нөгөө хүн хонгор үрээгээ хөтөлсөөр ирлээ. Түүнийг дүү Л.Дамдинжав авлаа. Ингээд хонгор үрээндээ Галшар сумын мондгой Гэндэнжамц саарал азарганы үр халиун халзан гүү хураалгаж толин сартай эр хул унага төрсөн нь эдүүгээ цагийн Монгол улсын тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн алдарт ТОЛИН ХУЛ гэдэг азарга гарсан юм.
Эх сурвалж: Ш.Ганхуяг "Унаган хүлэг" Тэргүүн дэвтэр, 2015 он