Цэвэгжавын саарал
Дэндэвын Цэвэгжав бол Сүхбаатар аймгийн Онгон сумын гаралтай хүн байлаа. Нэгэн цагт Галшар сумын Донойн Цэгмид гуайгаас Бөгөн хул азарганы үр болох саарал үрээг Бороохой Готов авчээ. Готовын саарал азарганы үр хүзүү, Ёндонгийн саарал, түүний үр Цэвэгжавын саарал гэж хурдан азарганууд гарч ирэв. Цэвэгжавын саарал азарга улсын наадамд таван удаа зургаад, хоёр удаа долоод, давхиж харимал болсон хойноо 1990 оны улсын наадамд анх удаа аман хүзүүлсэн байдаг. Саарал азарга хурдан байсан ч цээжний морьдтой орж ирээд барианы газар хүмүүс рүү ханараад байсан хэрэг. Уг учир нь буруу сургасанд байгаа юм. Анх тааруу сургаснаас хоргодоод ханардаг болсон. Саарал азарганы үр төлүүдээс олон хурдан азарга гарчээ. Партизаны Лхүндэвийн хул азарга 1991 оны улсын наадамд гурав хурдлахад Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Х.Сүрэнхорын хээр азарга түрүүлж МСТК- ын Д.Даваахүүгийн сарт ухаа азарга аман хүзүүлж Төв аймгийн Зуунмод сумын Ж.Рэнцэндоржийн хар азарга дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Ц.Энхдаваагийн хар азарга айргийн таваар давхисан нь нэг удмын хоёр азарга айрагдаж байгаа юм.
Б.Лхүндэвийн хул азарга улсын наадамд 1993 онд түрүүлж 1995 онд дөрөвт давхиж хурдан гэдгээ нотлон харуулав. Хул азарга анхны өвлийн уралдаанд айрагдаад сумдын наадамд хоёр удаа түрүүлж олон айрагдсан байдаг. Мөн Даржаагийн саарал, Эрдэнэ-Очирын саарал, Жаргалантын Д.Нямбуугийн хул, Эргүүл ротын Түмэннастын хээр Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Баянмөнхийн саарал гээд олон хурдан азарга гарсан.
Энэ хурдан азарганы дээд тал болох Готовын саарал азарга улсын наадамд бага насандаа хоёр удаа айрагдсан. Түүний үр Төв аймгийн Эрдэнэсант сумын Чойжамцын саарал азарга хурдан байж үр төл нь хурдлав. Тухайлбал Чойжамцын хар халзан морь 1980 оны улсын наадамд хязаалан айрагдаж 1984 оны улсын наадамд айрагдсан бол рашаант өртөөний Д.Түвдэнгийн хар азарга улсын баяр наадамд 1984 онд даага, 1985 онд шүдлэн, 1986 онд хязаалан айргийн тав дотор давхиж, 1987 онд соёолон аман хүзүүлж байсан хурдан хүлэг юм.
1981 оны улсын баяр наадамд ардын хувьсгалын 60 жилийн ойн баяр гээд өргөн дэргэр боллоо. Энэ наадамд Чойжамцын саарал азарга дөрөвт ороход түүний үр хар халзан соёолон барианд түрүүлэн орж ирж байгаад хүүхэд нь унаад айрагдаагүй юм. Түүний араас орж ирсэн түрүүлсэн Рашаант өртөөний Түвдэнгийн хээр соёолон Чимэдийн бор азарганы төл байсан.
Энэ бор азарга Готов гуайн саарал азарганы төл байлаа. Чухамдаа үүнээс Бөгөн хул гээчийн холдоо Дагмид адуу гээч ямар хурдан болохыг харж болно. Тэр жилийн наадамд Д.Түвдэн их нас хээр алаг, соёолон хээр үрээнүүдээ түрүүлүүлж онцгой сайхан наадсан билээ. Мөн Ёндонгийн саарал, төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Гэлэгчүлтэмийн саарал гэж нэгэн үеийн хурдан азарганууд гарч ирсэн.
Готов гуайн өргөмөл хүү Яахүүгийнхээ нэрэн дээр саарал азаргаа Улсын наадамд 1964 онд шүдлэн, 1965 онд хязаалан түрүүлүүлсэн байдаг. Хожим Яахүү Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйн \Аргалант сум\ Пүрэвбаатарт саарал азарганыхаа төл шар хээр даагыг өгсөнд мөн азарга болов. Тэр шар хээр алаг улсын наадамд соёолон 1989 онд гуравт, нас нийлээд 1992 онд дөрөвт хурдалж хоёр удаа айрагдав. Түүний төл шар хээр морь улсын наадамд соёолондоо аман хүзүүлж байжээ. Пүрэвбаатарын адуу нэг хэсэг хурдлав. Готов гуай насан өндөр болоод саарал азаргаа Сэлэнгэ аймгийн Баянгол суманд \Баруунхараа\ нийгэмчлүүлэв. Түүний үр төлөөс Энхдавааагийн хар, Дармаахүрэлийн саарал, даруу Хүрлээгийн саарал гээд хурдан азарганууд төрсөн байна.
Энхдаваагийн хар азарга 1990 оны улсын наадамд дөрөвт, 1991 оны улсын наадамд, Ардын хувьсгалын 70 жилийн ойд айргийн тавд хурдлахад Партизаны Лхүндэвийн хул азарга гуравт хурдалж эцэг тал нь нэг удмын хоёр азарга айрагт багтсан байдаг. Мөн Аргалант сумын Аранзан хар алаг шүдлэн 1993 оны улсын наадамд түрүүлсэн байна. Аав минь намын дээд цэргийн шинэ хүчний дээд сургууль төгсөөд Цэдэнбал даргын нарийн бичгийн даргын албыг нэг жил хашаад Дээд шүүхийн даргын албанд очжээ. 1945 оны Халхын голын дайчин тэрбээр цэргийн албанд хорин таван жил зүтгээд тэтгэвэрт гарч Гачууртын сангийн аж ахуйн даргаар томилогдов. Тэндээсээ Партизаны сангийн аж ахуйн таван фермийн орлогч даргын албанд байж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэр үед ялангуяа САА-н малчид албан хаагчид тун цөөн малтай байдаг байлаа. Гэсэн ч аав хурдан адуунаас ер холдоогүй. Партизаны орлогч дарга байхдаа 1976 оны намар Жаргалантын морин заводоос тахийн цустай гэх таван азарга аваачин шилмэл гүүнүүд хураалгажээ. Тэднээс босоо хүрэн цовхроо цагаан, чонон хүрэн, согоо хээр гээд сайн морьд гарсан. Тэднээс олны мэдэх үзэж харсан морь бол согоо хээр морь юм. Тунгалаг тамир кинон дээр Засагт хааны Эрдэнэ нэгэн намар оройхны цаснаар хөсөг тэрэгтэй, Итгэлтийн гэнэн хонгор Дулмаатай явж байгаад Бадарч тахартай таардаг хэсэг байдаг даа. Бадарч Эрдэнийг мөрийтэй барилдъя гэж баахан басамжлахад Дулмаа хуруун дахь таван цэнгийн алтан бөгжөө Эрдэнийн мөрий болгон хазаарын зуузайнаас уяна. Хоёр эр барилдаж эгзэгтэй үед Эрдэнэ сайхан тонгорч сайвар хээр халтар морийг мөрийд аваад орос нөхөр Павловт унуулан нутгийнх нь зүг явуулдаг хэсэг гардаг. Тэр сайвар хээр халтар морь согоо хээр гэгч морь юм. Тэгэхээр үнэхээр сайхан морьд гарч байжээ. Энэхүү үүх түүхийг Цэвэгжав гуайн хүү Батаа хуучилсан билээ.
Цэвэгжав саарал азаргандаа Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Луузайн хул азарганы төл халиун гүүг хураалгасанд охин хонгор унага гарчээ. Одоо хорин настай хонгор гүүгээ Батаа шинэ цагийн адууны бор азарганд хураалгаад хонгор халзан унага гараад байна.
Төв аймгийн Баянцогт сумын Дамдаинсүрэнгийн зэгэл, саарал азарганы цус эх талд нь орсон гүүг галзуу ногоон азарганд хураалгасанд охин саарал халзан унага гарав. Нэг үгээр хэлбэл цусандаа орж байна. Хожим түүнийг тойруулгын сүүл үеийн хурдан азарга сарт ухаа азарганы төл хонгор халзан азарганд хураалгаад эр хул халзан унага гарсан нь одоо шүдлэн болоод байна.
Эх сурвалж: Шарын Ганхуяг “Унаган хүлэг”, 2015 он.
Жич: Манай үржлын газар 1990 оны үед энэ буурлаас Саарал азарганы төл Бидэртэй хул үрээ. Зөв талын хаа гуяндаа дан өлзий тамгатай 7 тооны байдас манай адуунд ирж хурдны суурь шахуу адуу болж байлаа.