Домог, хууч яриа

Алтан сав тойруулгын ухаа гүү

Дөрвөн төл нь үндэсний их баяр наадамд айрагдсан гүү. 

Тод манлай уяач Дашдмбэрэлийн Бат-Эрдэнийн хулан хээр: Монгол улсын манлай уяач Б.Жанчиваар дамжин тод манлайд очсон. Эцэг нь тойруулга гаралтай сохор ухаа хэмээх азарга. Хулан хээр 1999 онд шүдлэн насандаа Онон мөх хавын нэрэмжит "Боржигон - 99" наадамд айргийн гуравт, 2000 онд хязааландаа Архангайн Тамирын хурд наадамд түрүүлж, Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадам айргийн гуравт давхисан. 2001 онд соёолондоо АХ-ын 80 жилийн ойн улсын их баяр наадамд айргийн тавд. хурдалж, 2002 онд хавчиг соёолон азарга Дунговь аймгийн 60 жилийн ойн наадамд айргийн гурав, 2003 онд долоон настай азарга төрийн их баяр наадамд айргийн тавд тус тус хурдалж улмаар бага наснаасаа эхлэх тогтмол амжилттай хурдалсан довтой хурдан буян билээ.

Манлай уяач Чулуунбатын  Сугарын зэгэл азарга: Эх нь дээр дурьдсан ухаа гүү бөгөөд эцэг нь манлай уяач Д.Дашийн Хэнтий аймгийн Баянхутаг гаралтай хурдан хонгор азарганы төл Д.Ононгийн 1994 оны Ардын хувьсгалын 73 жилийн ой Үндэсний их баяр наадамд 16 настайдаа айргийн дөрөвт хурдалж байсан хурдан саарал азарга. Энэ саарал улсад тав айрагдсан хурдан хонгортой эцэг нэгтэй. Зэгэл азарга 2002 онд Ардын хувьсгалын 81 жилийн ой Үндэсний их баяр наадамд хязаалан насандаа айргийн тавд хурдалж байсан бөгөөд өвөл хаврын болоод бусад наадмуудад олон удаа түрүүлж айрагдсан хурдан буян билээ. Зэгэл азарга нь ямар ч наадамд хэдэн ч азарга уралдсан тархинд гардаг гараа сайтай азарга юм. 

Гачууртын Цэрэнбалтавын Энхбаярын хамар цагаан зээрд: Эх нь ухаа гүү, эцэг нь зээрд халзан азарга. Энэ халзан азарганы ах тод манлай Д.Ононгийн Лонжидын унаган зээрд халзан морь улсын наадамд нэг аман хүзүүлж хоёр удаа 6-д давхисан юм. Зээрд халзан азарганы үр Баянцагааны Бавуушийн адуунаас гаралтай цавьдар гүүний төл хоёр хүрэн үрээг төмөр замын Ц.Бямбадорж улсын наадамд айрагдуулсан. Хамар цагаан зээрд нь 2003 оны Ардын хувьсгалын 82 жилийн ой Үндэсний их баяр наадамд шүдлэн аман хүзүүдэж, 2004 онд хязааландаа АХ-ын 83 жилийн ой Үндэсний их баяр наадам болон төрийн тахилгат Алтан дарь овооны наадамд тус тус түрүүлсэн хурдан хүлэг билээ. 

Тод манлай уяач Д.Ононгийн янзага зээрд: эцэг нь морин тойруулгийн цавьдар халзан азарганы эр талын 4 дэхь үеийн төл шонхор зээрд азарга, эх нь цавьдар халзангийн охин талын гурав дахь үеийн төл ухаа гүү хоорондоо нийлж янзага зээрд гарсан байна. Морин тойруулгын “Их салхин” хүрэн халзан азарганы эр охин төлүүд хоёр тийш салбарлаж байгаад эцгийн 4 дэхь үе, эхийн 3 дахь үеийн төлүүд нийлж гарсан адуу юм. Янзага зээрд 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын наадам болон Эрдэнэт хотын 30 жилийн ойд аман хүзүүлж, 2007 онд хязаалан Говь-Шанхын хурд болон Завхан аймгийн Яруу суманд болсон түмний эх Нагааранзын халзан морины нэрэмжит уралдаанд тус тус түрүүлж, Өвөрхангай аймагт болсон морины их шүтээний тахилгийн наадамд соёолонтой уралдаж түрүүлж байсан аргагүй удамт хурдан хүлэг билээ. Янзагын төл нь Ц.Мөнххуягийн дүнжингаравт аман хүзүүддэг цавьдар, түүний төл нь улс бүсийн уралдаанд удаа дараа аман хүзүүдсэн алдарт их янзага цавьдар морь билээ.