Галшарын унага
Нэгэн зууныг элээсэн ч домог болон яригдсаар байгаа Галшарын хурдан адууг үндэслэгч Өвгөн ноён хар дэл жанжин бэйс Минжүүрдоржийн Пүрэвжавын гарын шавь түнтгэр Наваандэндэв гэдэг хүний бүтээсэн сийлбэр, зурсан зураг өнөө ч мөн хагас хугас айлын аяганы шургуулаганд хүртэл наачихсан хадгалагдсаар байдаг.
Хурдан морь сонирхогчдын дунд үлгэр домог мэт яригдсаар байдаг хонгор зээрд, элбэг хээр, идэр хээр, хэнз халтар, зандан хүрэн, оонон хар, норов хүрэн, номин цэнхэр гээд хурдан азаргануудын тухай ам дамжсан яриа олон байдаг. Эдгээр хурдан хүлгүүдийг унаж ноёны гарын ураас суралцаж явсан түнтгэр Наваандэндэв гэдэг хүний нэр, зураг, сийлбэр зэрэг урлалаас гадна нэрд гарсан сайн адууны үүсэл гаралтай ч холбоотой дуулдаж байдаг. Энэ хүн ноёны адууны удам угшилтай хүн байж л дээ. Энэ хүний тухай Н.Ухна гуай ингэж ярьж билээ.
Би Наваандэндэв гуайг шалсаар байгаад элбэг хээр азарганы төрхийг морь гурван зуун төгрөгөөр сийлүүлж авсан юм. Тэгэхэд өвгөн элбэг хээрийн тухай ингэж ярьж байсан.
Зуны нэг тогтуухан өглөө ноён адуунаасаа хоёр хээр даага зааж бариулав. Ноён, Мял, Хувын Лодой хоёроор сургуул. Олом жирмий нь сайн бөхлөөрэй, чөдөр тушааг нь сайн тааруулаарай, даруулга оломтой мордуулаарай гэв. Эхний хээр даагыг Мял унаад амы нь амгайгаар жаал хөрөөдөж байгаад буув.
Дараа нь Лодойгийн унах хээр даага дээр яваад очтол эмнэг даага чөдөртэй тонгочиж яваад үхсэн байв. Тэр дор нь түүнийг ажилласанд нугас нь тасраад үхсэн тэр даага хоёр сугандаа нэвт гуурстай байлаа. Ноён, “Та нарт хамаг юмаа сайн тааруулж төхөөр гэж эс хэллүү гэснээ, над шиг юманд ийм хоёр адуу нэг дор таарна гэдэг ахдах байлгүйдээ” гээд харамсангуй байж билээ...
Тэгэхэд Мялын сургасан нь элбэг хээр юм.