Домог, хууч яриа

Дугарсүрэнгийн саарал

Богдын их шавийн Хэрлэнгийн их тавнангийн отгийн унаган шавь, Монгол улсын алдарт уяач Чойжилын ДУГАРСҮРЭН хар бага наснаасаа хурдны морь унаж, 1947 оноос эхлэн уяа засал гардан хийж, удамт адуун сүргээ үржүүлсээр иржээ. Цэнхэр горхины уяач "мэргэн" Магсар, ах Цэрэндорж, Навагын Дугаржав нараас "хурдан морь уях эрдэм"-ийг суралцаж, эрхэм багш нарынхаа сургааль, захиасыг биелүүлж, хурдан хүлгэсээ уяж зассан 40 жилд улс, аймаг, сум, нутаг нугын наадмаас 200 гаруй түрүү, айраг хүртсэн гэдэг.

Ханхэнтийн Цэнхэр горхины өвгөн уяач насан өндөр болж мэлмий бүрхсэн ч гар хуруугаараа тэмтрэн хурдан хүлгэсээ мэдрэн уяа заслаа дадамгай хийсээр байсан юм. 1996 онд Өвгөн уяач худ ураг Мөнгөнморьтын уяач Дэмбэрэл начингийн хамт үндэсний их баяр наадамыг зорьж, саарал даагаа уяж засан уралдуулахад түрүү магнайд баригдаж, мэлмийдээ гэгээ ортлоо баярлан, одтой сайхан наадсан байна. 1997 оны улсын их наадам, зүүн бүсийн уралдаанд шүдлэндээ дараалан түрүүлгэж, 1998 онд хязааландаа улсын наадамд аман хүзүүдэж дархан хурднаа батлаад буцсан байна.

1998 оны улсын их баяр наадамд давхисан Цэнхэрийн хурдан сааралын уралдаанд онцгой үнэлэлт өгсөн билээ. Улс, бүсийн гурван уралдаанд даага, шүдлэндээ завсаргүй түрүүлээд байсан Цэнхэрийн саарал хязаалан сунгаа бүртээ өнгөлсөөр, олны анхаарлыг зүй ёсоороо татсаар Буянт ухаагийн наадмын асарт ирсэн байлаа. Хязаалан саарал үрээ зузаарч, бяр хүч сууж, хурд нэмэгдсэн, уяа засал ч өөгүй сайхан ханасан байлаа. Их наадмын хязаалангийн түрүүч гарааны зурхайгаас эргэж Түргэний гол гатлахад өнгөнд Цэнхэрийн саарал үрээ харагдахгүй байлаа. 200 -гаад үрээ өнгөрсний хойно саарал үрээ чигээрээ эрчлэн ирж яваа нь харагдав. Дагалдан явсан хүмүүсийн яриагаар саарал үрээг унасан хүүхэд гэндэж туугдаж явсан морьдын өмнө гарч урагшаа цөмрөн цааш явж байжээ. Хязаалангууд гарааны зурхайд хүрэв үү үгүй юу гэнэт эргэхэд нөгөө хүү гайхаж, уралдаан будилсан эсэхийг сонжин зогсож үлдсэн байлаа. Энэ хашир өвгөний захисан муу санааны захиас байсан гэдэг. Гэндэж хоцорсон хүүхдийг шахаж шаардан шамдуулахад саарал хязаалан жигдхэн хүч түрэн урагшилсаар Түргэний гол өнгөрөхөд хурд нь улам зугуухан нэмэгдсээр Айдасын хүр өөд зүтгэхдээн бөөн бөөн үрээнүүдийг "танк" мэт цөм цөм дайран 20, 30- аар нь идсээр байлаа. Төдөлгүй Айдасын давааг давж овоо өнгөрөхөд хоёрдох жилээ хурдаа сорьж байгаа 1997 оны аман хүзүү Борнуурын Жамбалын хулыг барьж өнгөлсөн байлаа. Холхон зайнаас нэвтлэн ирж ижилхэн хурдан амьтан болох хултай уралцсан Цэнхэрийн саарал үрээ цуцан аман хүзүүдэж орхисон юм. Мэлмий нь улам бүрхэн харанхуйлсан өвгөн уяачийн хашир нь дэндээгүй бол саарал хязаалан улсын их баяр наадамд 3 дахиа холхон зайтай түрүүлж, торгон жолоо өргүүлэх байсан юм. Эрийг нас уулын цас дарах гэдэг ертөнцийн жам билээ.

1999 онд Монгол улсын алдарт уяач Ч.Дугарсүрэн түүний шадар туслахууд хурдан саарал соёолонгоо оршин суух болсон Багануур дүүргийн наадамд уралдуулан аман хүзүүдүүлж, давхар уяа хийх явцадаа хүнд оёг суулгаж, улсын наадамд ирж чадаагүй юм. Ийнхүү өвгөн уяач Дугарсүрэн хурдан саарал үрээгээ доод гурван бага насанд нь Буянт ухаагийн зам дээр улсын их баяр наадамд 2 түрүүлгэн, 1 аман хүзүүдүүлж хурдан морины уралдааны түүхэнд ховорхон амжилт гаргсан юм. Цэнхэрийн саарал үрээ "XX зууны шалгарсан хурдан 14 үрээ" -ний аман хүзүүнд тооцогдсон цэвэр цусны монгол адуу юм. Уг нь 1997 онд Хэнтийн Галшарт болсон "Зүүн бүсийн Хардэл жанжин бэйсийн нэрэмжит уралдаан"-ы түрүү магнайг нь тооцож, Төв аймгийн Чойжамцын эрлийз хээр үрээнээс давсан, хурдан морины уралдааны түүхэн дэх хосгүй дээд шинэ нэгэн амжилтыг үнэлэх нь зүй ёсны хэрэг байлаа.

Цэнхэрмандалын өвгөчүүл нэгэн удаа Дугарсүрэн уяачийг гоочилж "Чиний саарал үрээ их л хурдан юм гэнэ лээ. Нутаг нугадаа нэг уралдуулаад үзүүлээч гэсэн гэдэг. Тэгээд сумынхаа наадамд саарал азаргаа уралдуулахад толгой азаргануудыг нь цувуулан суулгасаар бараг 1.5 км хол тасархай ирсэн гэнэ. Монгол улсын алдарт уяач Дугарсүрэн тэртээ залуу зандан наснаасаа эхлэн Зана агсны адуунд "эмгэний" Шагдарсүрэн, До лам, За лам, удган Намсрай, Мөнгөнморьтын Содов, Дэлгэрхааны Дашнүдэн нарын сайн уяачдын шилдэг угшилт хүлгүүдийн цусыг шингээж, 40-өөд жил зүтгэсний эцэст гоц хүч хурдтай саарал азаргаа гаргаж авсан түүхтэй гэнэ. 1944 оноос эхлэн Бөгтөр саарал, зээрд азарга, бор, хонгор дааганууд, эмнэг хонгор, өнчин саарал, сарт саарал, хавчиг саарал азаргануудаа удам дамжуулан үржүүлсээр иржээ. Хавчиг сааралын үр Цэнхэрийн хурдан саарал азарганы дээд удмууд яван явсаар "эмгэний" Шагдарсүрэнгийн их, бага зул хонгоруудаар дамжин, Монгол улсын анхны алдарт уяач Донойн Цэвэгмидийн 1951 онд улсад түрүүлгэсэн Галшарын дагмид адууны хөх саарал азарганд хүрч очиж байсан юм.

Цэнхэрийн хурдан саарал үрээний үнэ хадаж, халхын томчуул бүгд л очиж, тэнгэр хадсан үнэ чулуудаж, авто машин амлаж байсан юм. Хорвоогийн мөнх бусыг үзүүлж, диваажинд залархаас өөрийг мөрөөдөхөө байсан чин сүжигт өтөл өвгөн уяач "энэ азаргыг нутгаасаа гаргаж хэрхэвч үл болно" хэмээн үр хүүхдүүдээ захисаар бурхан болсон гэдэг. Цэнхэрийн саарал азарганы үр төлийг олон аргаар зуувчуулж, сүүлдээ бүр хээлтэй гүүнүүдийг нь хулгайлсан байлаа. Өвгөн уяач саарал азаргаа энхрийлэн илж "Цэвэгмид гуай саарал азарганы эргэн төрсөн хойд дүр юм даа. Их адилхан шүү" хэмээн хувилгаан хүлгээ магтан байж билээ.

Д.Даваагийн бичсэнээс