Дотоод мэдээ

Балгансүрэн хурандаагийн шарга

Тогмидын Төрбатын бичвэр

Авга ахынхаа гоё зургийг хурдан морины түүх эмхтгэгч эрхэм залуугаас аваад дурсамж бичмээр санагдлаа.

Тэр жилүүдэд ахын адуу зүүн тийш оторт гараад 3 жил өнгөрлөө. Тогоруу зээрд, хурдан халиун, хадагт хээр, хар морьд, "Ажнай" шаргатай эцэг нэгтэй хээр үрээ гэх мэт олон сайхан сор болсон адуунууд уягдсангүй. Бас сайхан нутгаар хэдэн жил явсных адуу нь ч сайхан өссөн гэнэ. Хэнтий, Баянхутагийн мянгат малчин, ААУ Цэрэн гуайн ойролцоо зундаа нутаглаж байсан санагдана.

Аавыгаа бурхан болсны дараа зун би гэдэг хүн морьдоо бие дааж уях гээд нэлээн ч хөгөллөө. Германиас ах маань ирчихсэн, бид хоёр шинжлэх ухааны үндэстэй үзэж тардаг хүмүүс болж гадныхны юмсыг ч их туршина, Төмөрхадуур гуайн номыг ч уйгагүй судална. Тус номны чухал гэсэн хэсгүүдийг аав маркераар тодруулчихсан байсан юм.

Тэр жил ч тэгэсхийгээд өнгөрлөө, сунгааны сүүлээр л хэдэн морьд маань давхилаа. Харин нэг авууштай нь ид насандаа хөлгүй болчихсон аавын хар морийг хүйтэн ус, зөөлөн эвээр оролдсоор байгаад тэр зуны улсын наадамд 95-р давхихад нь мориныхоо хүүхдэд хөтлүүлээд тэр чигт нь Жирэм рүү хөлөөр нь явуулчихсан юм. Одоо бодоход их л зөв алхам болсон шиг санагдсан. Бас одооны хүүхдүүд тэгэж морь хөтлөх ч үгүй байх гэж бодож Түвшинжаргал дүүдээ баярладаг. Хар морь хойтон өвлөөс нь эхлээд хавар, зуны наадамд 14 уралдахдаа ганц ч хөлөө өргөөгүй, сул тавиагүй дээ.

Хожим бодохнээ морь уяхаа больсон ч гэлээ авга ах маань бид хоёрыг дэмжье гэж бодсон ч юмуу намар оройхон хэрд "За миний дүү нар, Цэрэн танай адуунд нэг аятайхан даага байна гэж байна. Намар оройны 2 наадамд хөнгөрүүлээд томхон хүүхэдтэй тавьчихсан чинь түрүү, аман хүзүүнд давхиж. Тэрийг очоод аваад ир..." гэж байна шүү.

Ингээд жижигхээн шарга үрээ ачиж ирээд Яармагт садангийнхаа ахын дээр тэжээж эхэллээ. Ойрхон болохоор байнга тийшээ давхичихна. Газрын багцаа харж байгаад хөдөлгөж үзтэл ер тэр хонхор хотгор, овгор дов энэ тэр дээгүүр том том харайгаад дэвхрээд явчихдаг адуу байх юм. Гишгэлтийнхээ талыг үе үе сольдог, хааяа урд аль нэг хөл нь газарт хүрэхгүй ч байх штг санагддаг нь том харайж буйг илэрхийлнэ.

Шарга үрээ тэр жилдээ 5 түрүүлсэн. Түрүүлэхдээ араасаа 1-1.5 км хол. Харин Баянцогт сумын наадамд нэг хээр үрээ, бас Отгоогийн хар /Магнай халтарын төл/ 2-той ойрхон үзэж ёндоогоор илүүрхсэн байдаг. Сунгаанд цуг эргэсэн атлаа тээр хол ирэхэд хүмүүс их гайхна.

Тэр жилийн Төв аймгийн наадам 85 жил гээд, бас шинэ стадионтой болчихсон өргөн дэлгэр болсон. Би ч яахав залуу хүний юм хатгаж таарна, улсад л үзчихмээр санагдаад болдоггүй. Бандгайн ногоон, Атарсайханы саарал гээд аварга адуунуудтай чи энэ жоохон амьтны зүрхийг нь үхүүлэх гээ юу гээд ах маань халгаасангүй. Чиний морь уях гэж юу байх вэ дээ гээд намайг дээш нь гаргахгүй л дээ ер нь. Гэхдээ хожим шарга өндөр бооцоот уралдаануудад улс, бүсэд айрагдсан олон адуунуудыг орхиж л явсан удаатай.

Ингээд аймгийн наадам эхэлж Их насны 150 гаруй адуу мордоход Бямбадорж гуайн буурал, Амарсайханы хээр, Хэнмэдэх гуайн хар гээд дан улс, бүсийн адуунуудын ард миний хар морь айрагдлаа. Хязааланд хээр үрээ маань хэсэг сайхан хөтөлж байна бас. Ер морьдын уяа зөв байгаа шиг санагдаад шарга үрээ түрүүлэхгүй юм бол ёстой арай дээ ч гэж бодогдох шиг хуушуур эргүүлээд хийж явтал зайтайхан ирж хэдэн жил морь уяагүй байсан авга ахыг маань тун ч баярлуулж билээ.

Ах маань ер нь хүний нэг насанд цөөхөн тохиодог гэж яригддаг олон хурдан адуу цогцлоосон, түүнийхээ хэргийг ч гаргадаг, өгч ч чаддаг, хурдан морийг таньдаг хүн л дээ...

Шарга азарганы маань удам одоо ч хурдалсаар байгаа ба түүний нэг нөхцлийг би авга ахынхаа өндөр мэдрэмж болон азарга ба гүүний тохироог мэддэг, ер азарга болох адууг унаганд нь таньдаг авъяас билиг мөн гэж итгэж, сүсэглэж явдаг юм.