Тод янзага
2019 2020 оны том наадам, уралдаан бүхний үзүүрт Завхан нутгийн уяачдын их морь дараагаараа л байлаа. Энэ дунд завсаргүй айраг түрүү авч, том наадмын таван айргийг эзэндээ авч өгч улсын алдартын малгай төвөггүй авч өгсөн хүлэг бол хүн бүхний мэдэх тод янзага зээрд морь юм. Төмөрбаатарын Галбадрахын гурван түмэн эхтэй холбож уралддаг энэ алдарт хурдан морь өөрийн унаган адуу. Түүний эцэг Мөөнөө янзага гэж арвин түүхтэй хүлэг болой.
Тод янзагын эцэг нь Мөөнөө янзага буюу 2014 оны Дүнжингаравын хурдад айрагддаг цавьдар азарга юм. Тэр жилийн Дүнжингаравын хурд цас ихтэй, хорио болж аажуухан болж билээ. Говь зүгийн уяачдын морьд тун сайн уралдахад Ц.Мөнххуягийн цавьдар азарга айрагдсан. Улсын баярт тэр жилээ арав гаргаж хурдалсан. Энэ азарганы удам ийм гэнэ. Дорнод аймгийн алдарт уяач Жадамбаа унаган цавьдар гүүгээ, тод манлай уяач Д.Ононгийн араб азарганд тавихаар өгчээ. Харин араб азарга ч биш бага насандаа гойд хурдан байсан янзага энэ гүүг хураасан байжээ. Д.Ононгийн Янзагын эцэг нь морин тойруулгын Их салхин цавьдар халзан азарганы эр талын 4 дэх үеийн төл шонхор зээрд азарга, эх нь цавьдар халзангийн охин талын гурав дахь үеийн төл ухаа гүү хоорондоо нийлж гарсан байна. 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын наадам болон Эрдэнэт хотын 30 жилийн ойд аман хүзүүлж, 2007 онд хязаалан Говь-Шанхын хурд болон Завхан аймгийн Яруу суманд болсон түмний эх Нагааранзын халзан морины нэрэмжит уралдаанд түрүүлж, Өвөрхангай аймагт болсон морины их шүтээний тахилгийн наадамд соёолонтой уралдаж түрүүлж байсан аргагүй удамт хурдан хүлэг билээ. Ийм л хурдан хүлгийн бараг үлдсэн ганц төл нь юм.
Мөөнөө янзага шүдлэн үрээ монгол улсын алдарт уяач Л.Нарангэрэлийн наадамд аман хүзүүдэж, хязаалан Төв аймагт наймд хурдалжээ. Эцэг нь соёолон эндсэн тул эзэн уяач Мөөнөө янзагыг хаширлаад олон ч уралдуулаагүй байна. Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын наадам, Цэлхээгийн Бямбасүрэн гуайн хийсэн Сүлд овооны тахилгат тус тус түрүүлсэн. Улсын алдарт С.Хэрлэн, тод манлай Т.Ихбаяр, тод манлай Д.Мөнхбатаа гээд ар монголын сайчууд энэ азарганы уяаг тааруулж байсан.
Д.Ононгоос охин унагатай зээрд халзан гүү худалдан авчээ. Дагаж ирсэн унага Ханддоржийн алдарт халзан морины удамтай гэж байлаа. Охин унагыг гүү болоход Дүнжингаравт айрагддаг цавьдар азаргандаа өгч Тод янзага гэгч Халхын түмэн эх төржээ. Говьсүмбэрийн Гашууны голд тэнцсэн унага. Шүдлэн хэд уясан нэг л давхил орж өгөөгүй. Хязаалан жил нь улсад мордуулсан ч хасагдаж таарчээ. 2017 оны Ханхөхүйн тахилгад 21-т оржээ. Соёолон үрээ долоон сарын эхээр Эрдэнэтэд алдарт уяачдын наадамд хол түрүүлээд улсын баярт аман хүзүүдсэн. Давхар уяагаар Эрдэнэтэд болсон улсын бүсийн уралдаанд улсын түрүү аман хүзүү хоёр дахин байраараа уралдсан. Тод янзагыг соёолон болох жил буюу 2018 оны өвлөөс Монгол улсын Манлай уяач Буянтогтох уях болов. 2019 онд хавчиг морь Жавхлант шаргын хурдад хойгуур орж, улсын баяр наадамд дахин аман хүзүүдсэн. Залгаад их хурд уралдаанд Т.Галбадрахын түмэн эх бор морины ард аман хүзүүдсэн. Том наадмын дөрөв дэх аман хүзүү юм.
2020 оны үндэсний их баяр наадам тод янзага дахин аман хүзүүдэв. Улсын баяр наадамд соёолон, хавчиг, долоотой дараалан аман хүзүүдсэн морь ер үгүй болов уу. Соёолон, болон хавчигтаа айрагдсан морь бол нэлээд бий. Харин ингэж гурван жил дараалж айрагддаг, тэгээд бүр аман хүзүүдсэн хүлэг үгүй болов уу.