Сүрэнхорын хээр хэд түрүүлсэн бэ
ХХ зууны сүүл үест тодорсон гайхамшигт хурдан хүлэг гэвэл манлай уяач Хөхийн Сүрэнхорын алдарт хээр азарга юм. Дааган цагаасаа магнайдаа тоос хүргэж үзэлгүй хальсан энэ хүлэг ямар амжилттай вэ гэвэл
1. 1986 он даага Хэнтийн Дэлгэрхаан суманд түрүү. (Номхрох нь хэрэг гээд урд хоёр хөлийн бэрэвхийг нь маахайлхаас сэргийлж марль-аар боож байгаад бие томтой хүүхдээр унуулж уралдуулсан байгаа юм. Унасан хүүхэд нь Дандарын Баянжаргал)
2. 1987 он Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын "Хөгжил" нэгдлийн 30 жилийн ойд шүдлэн түрүү...(Дэлгэрхааны зүүн хойд талын залгаа сум)
(Энэ наадамд Х.Сүрэнхор Азарга, Соёолон, Шүдлэн түрүүлгэж, их нас, даага аман хүзүүдүүлсэн...)
3. 1988 он Хэнтий аймгийн Дархан сумын "Дархан оргил" нэгдлийн 30 жилийн ойд хязаалан түрүү... (Дэлгэрхааны урд талын залгаа сум)
(Энэ наадамд азарга 3-т, хязаалан түрүүлгэсэн...)
4. 1989 он Дэлгэрхааны Аварга тосонгийн Рашаан амралтын ойг улсын баяр наадамтай хавсаргаж хийхэд соёолон түрүүлсэн...(энэ жил гүү хураасан хариугүй эцэнхий байсан...)
5. 1990 он хавчиг азарга Дэлгэрхаан сумынхаа наадамд түрүүлсэн... Хээр азаргатай Дэлгэрхааны Амтын Цэндсүрэнгийн Дашдондог (Х.Сүрэнхоргуайтай нас чацуу хүмүүс) гэж хүний Цавьдар азарга хамт ирээд бариа хүрэхэд 300м орчим газарт сажлаад чүүтэй айтай 5-д орсон... Хээр азарга түрүүлэхдээ гөлөм нь дэрвэж түрүүлж байлаа...
6. 1990 он Монголын нууц товчооны 750 жилийн ойн наадмаар давхар уяагаар түрүүлсэн...
7. 1991 он ардын хувьсгалын 70 жилийн тэгш ойгоор улсынхаа наадамд ирж уралдаа түрүүлсэн....
Хээр азарга адууныхаа түрүүнд ганцаараа хол тасарч явдаг араншинтай адуу байсан бөгөөд 1991 онд наадмаас буцаж явахдаа машинд дайруулж эндэхдээ мөн адуунаасаа ганцаараа тасарч түрүүлж явж байсан...