Дотоод мэдээ

Ардын хувьсгалын 90 жилийн ойд эхний аравт хурдалсан азарганууд

Өдгөөгөөс 13 жилийн өмнө болсон үндэсний их баяр наадам

Азарга 384 хүлэг мордож 355 нь гарааны зурхай руу хөдөлсөн

1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Чимэддоржийн Хүсэлзулын Зээрд халзан. Хожим Улс халзан хэмээн алдаршиж улсын баярт гурван жил дараалан түрүүлсэн. 2011 оны Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдаж, 2013 оны Их хурд уралдаанд түрүүлж дархан манлай түмний эх цол хүртсэн. Аймгийн алдарт уяач Ө.Шинэтулга уясан. Үр төлөөс нь ч хурдан хүлгүүд тодорсон. 

2. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр. Энэ баярын өмнөхөн Баттулгын Сүхбаатараас зарагдан ирсэн. Улсын баяр наадмыг тавил дээрээс хөтөлсөөр аман хүзүүдсэн. Пагамдуламын Сүрэнжав уясан. Улсын бүсийн уралдаанд тав түрүүлж дөрөв айрагдсан. Эцэг эх салаагүй дүү хээр хэмээх хурдан азарга тодорсон. 

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Чүлтэмийн Улааны зээрд. Асгатын Жамьяангийн Баярсайханаас бэлэгт ирсэн. Тайван зээрд хэмээх хүлэг. Улсын баярт хязаалан 13-т, соёолон 9-д орсон. Хавчиг азарга улсын баярт айрагдаад, Тамирын хурдын бүсийн уралдаанд айрагдсан. 

4. Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Арилдын Отгонбаярын хилэн хар. Нийслэлийн алдарт уяач Сумьяасүрэнгийн Ганзориг уясан. 2010 оны Их хурд уралдаанд аман хүзүүдэж, Хотгойдын хурд улсын бүсийн уралдаанд түрүүлсэн. 

5. Төв аймгийн Баян сумын харьяат Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд. Манлай уяач Дондогийн Оюунбилэг уясан. 2009 оны Очирвааний хурдад зургаалсан. Улсын баяр наадамд урд жил нь түрүүлж, өнөө жил айрагдаж, 2010 онд Их хурд уралдаанд гуравт хурдалсан. Их хурд уралдаанд хилэн, сүмбэн хоёр дараагаар давхиж байв. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Буянхишигийн Ганбаатарын унаган адуу. 

6. Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн Хээр. Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун уясан. Хөвсгөл аймагт болсон 2010 оны Хотгойдын хурд уралдаанд айрагдсан. 2011 оны Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсан. 

7. Төв аймгийн Баян сумын харьяат Долцонгийн Мөнхцогийн Цоглог зээрд. Сүхбаатарын Түмэнцогтын Далантайгаас Шүхэртийн Лхамсүрэнгээр дамжин ирсэн. Д.Оюунбилэг манлай уясан. Соёолон улсын баярт 2009 онд зургаалсан. 2009 оны Ламын гэгээний даншигт гуравт давхисан. Намар нь Багахангайн 20 жилийн ой, М.Энхболдын мялаалга наадамд түрүүлсэн. 2010 оны улсын баяр наадамд айрагдаж, Их хурд уралдаанд наймд хурдалжээ. Энэ жилээ Дорноговь аймгийн ой улсын бүсийн уралдаанд айрагдсан. 

8. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уяач Сэнгээгийн Бямбасүрэнгийн Зээрд. 

9. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны Зээрд. Улсын наадмын дараа Тамирын хурд уралдаанд дөрөвт хурдалсан. 2012 онд Да лам Цэрэнчимэдийн даншиг, Есөнзүйлийн даншигт айрагдсан. 2013 оны улсын баяр наадамд айрагдав.

10. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Доржпүрэвийн Батхуягийн Халиун. Монгол улсын сайн малчин, тод манлай уяач Гордоогийн Доржпүрэв уясан.