Гологдсон хүрэн түмэн эх болсон нь
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул “монхор” хэмээх Чинбатын жижигхэн хүрэн үрээ даагандаа гурав түрүүлж, нэг аман хүзүүдсэн хурдан буян. Шүдлэндээ Баянхутаг сумын наадамд түрүүлчихээд ирсний дараахан нь Лувсандамдингийн Эрдэнэцогт “монхор” Чинбатаас гуйгаад Хурхын САА-н 25 жилийн ойд аваад явжээ. Тэр уралдаанд морьд дутуу эргэн хүрэн үрээ хамгийн сүүлээс нь хөөсөөр 11-ээр давхижээ. Харин хойтон хавар нь Өвөрхангай аймгийн харъяат адууны ченж Гантөмөр 2008 онд Хэнтийд очин хурдан сайн хязаалан үрээ сураглахад Л.Эрдэнэцогт өөрөө авч явж 11-д оруулдаг хүрэн үрээг хэлж, эзнийг нь зааж өгсөн аж. Гантөмөр Чинбатыг гэрт нь очиж гурав хоног найрлаж байгаад Л.Эрдэнэцогтын зааж өгсөн хүрэн хязаалан үрээг авч хотод иржээ. Эхлээд Жадамбын Бат-Өлзийд зарахаар тохироод байтал хэд хоногийн дараа “Хоргой” Батсүх ах голоод байна гэж хэлээд аваагүй байна. Дараа нь “Торгоны зам”-ын Гантөмөр авч яваад “манай уяачид жижигхэн гээд голоод байна” хэмээн бас л буцааж. Ийнхүү хэд хэдэн хүнд гологдоод байсан хүрэн хязаалангаа Гантөмөр урьд жил нь халзан азарга зарсан “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэд санал болгохоор шийджээ. Учир нь өнгөрсөн жил түүний наймаалсан халзан азарга Бат-Эрдэнийг гарган Алтан-Овооны даншигт аман хүзүүдээд байсан билээ. Тэгээд Бат-Эрдэнэд “Надад том наадамд орох ганц адуу байна. Чи ав” хэмээтэл нөгөөх нь уяач Дугараагаа дагуулж ирээд үзсэн аж. Дугараа ч хүрэн үрээг тойрч үзэж байснаа “ийм жижиг үрээ төрийн наадамд орно гэж байхгүй” хэмээн голонгуй. Гэсэн ч Х.Бат-Эрдэнэ зөрж “Гантөмөрийн өгсөн адуу надад хурдалдаг юм” гээд шууд авчээ. Ингэж гологдсон хүрэн эзэнтэй болсон ч хязааландаа уягдалгүй өнжсөн байна. Харин хойтон жил нь давхил сунгаанд 20, 30-аар ордог байсан өнөөх жижиг хүрэн морин соёолон төрийн наадамд наймаар давхин голсон хүмүүсийн магнайд аянга цахих нь тэр. Улсын наадмын дараа Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойд очиж уралдан хойно эргэж араас туулсаар түрүүлж явсан соёолонгийн буруу талаар нь зэрэгцэн ирж аман хүзүүдсэнийг морь сонирхогчид санаж буй бизээ.
Энэ цагаас хойш гологдол хүрэн шүтээн хүрэн болж дээдлэгдэн найман насандаа 2012 оны Монгол төрийн наадамд тасархай түрүүлж алтан жолоо өргүүлэн эзэн, уяач, наадамчид монгол түмнээ цэнгүүлэн баярлуулсан билээ.
Н.Санжаадорж Хүлэгч Хүлэгс номноос