О.Жамьяандоржийн яриа
...Төв аймгийн 60 жилийн ойгоор Ж.Содномпил гуайтай танилцах сайхан завшаан таарлаа. Ярилцах далимдаа “Ах аа танаас нэг адуу авмаар байна” гэвэл “Авъя гэдэг хүн зөндөө, гэхдээ авдаг нь цөөхөн л байдаг юм даа” гэнэ. Тэгснээ Баян-Өнжүүлээс буцаагаад алдчихсан нэг хавчиг үрээ бий. “За яахав, чи оч” гэхээр нь уухай тас хүлээж авсан юм. Ингээд 1983 оны намар Буурал духтын эцгийг очиж авч байлаа. Манлай Иххэтийн хоёр хөгшнөөс Батбуян гуайн адууны угшилтай эмнэг үрээ нанжин гахай гөлмөө, юутайгаа ч билээ өгч авсан гэж ярьдаг. Даваахүү Тод манлай болохоор шууд л Батбуян өвгөний адуу гэдэг юм билээ. Гэхдээ би судалж үзээгүй ээ. Тэднийд яваад очсон нүд унагасан соёолон хавчиг үрээ хэдэн гүү хураачихсан жигтэйхэн байнаа. Бариад авсан цамнаж, дүүлээд хангинаж унгалдаад байхаар нь “ганцааранг нь хангинуулаад яахав. Энэ унагатай халзан байдсыг нь авъя” гэвэл мянган цаас өгчихөөд ав гэсэн юм... Нэг ч цаас дутаалгүй өгсөн.
Түүнээс жилийн дараа хавар нь Авирмэд гуайн талын угшилтай гүү өгч, 1985 оноос төлийг нь авах болсон юм. Хөөрхий минь, тэр азарганы эр болгон нь хурдалсан. Шарга морь, хүрэн морь гээд л. Лүнгийн Авирмэд гэж хээр азаргатай сайн уяач байлаа. Түүнээс би 1975 онд нэг үрээ авч азарга тавьсан нь сумдад олон айрагдаж, түрүүлсэн. Тэгэхээр эцэг нь Содномпил гуайнх, эх тал нь Авирмэд гуайн талын угшилтай адуу байгаа юм. Буурал духт Лүнгийн унаган адуу. Дааган цагаасаа хурдалж, 15-16 удаа түрүүлж, арван хэдэн удаа айрагдсан. Даагандаа сумынхаа баяр наадамд хоёр, шүдлэндээ Атар, Лүнгийн наадамд хоёр түрүүлээд, хязааланд нь азаргатай ноцолдуулаад уяж чадаагүй. Харин соёолонд нь Төв аймгийн 70 жилийн ойд, хавчиг азарга сумандаа тус тус түрүүлгээд, 1995 онд долоотой азарга Есөн зүйлийн даншигт айргийн гурваар давхисан. Энэ даншигт миний хүрэн азарганы төл соёолон үрээ түрүү магнай болж байлаа. 1997 онд байна уу даа, Булганы Баяннуур суманд болсон өвлийн улсын бүсэд гуравлаж, 1998 оны анхны “Их хурд”-д аман хүзүүдэн, найман сард нь давхар уяагаар Баянцагааны даншигт түрүүлсэн юм. Дараа жил нь улсын наадамд тавлаад, 2000, 2001 онд эндээ түрүүлснээс хойш уяагүй. Нийт 18 медальтай. Одоо үр төлүүд нь сайн давхиж байгаа. Буурал духтын охин талаасаа гарсан төлүүд их хурдан байгаа л даа. Би нэг шинэ цагийн хоёр дахь үеийн азаргатай юм. Түүндээ охин төлүүдээс нь хураалгасан аюулын сайн юм гараад байгаа шүү.
...Захиргаадалтын үе байлаа шүү дээ. Гадагшаа, дотогшоо наадамд явах боломжгүй. Дээр нь би чинь намын гишүүн ухаантай, бас аймаг, сумын депутат. Намын гишүүн хөдөө гарч, морь мал уябал ажил алдууллаа гэж шүүмжлүүлж, загнуулна. Би ч банга хүртэж, нэг жилээр машин барих эрхээ хасуулж л явлаа. Дундговийн Эрдэнэдалайд ачаа буулгачихаад Цагаан-Овоо руу Содномпилийнхээс унагатай гүүтэй, азарга ачаад ирсэн юм. 40 хэдхэн км газар л даа. Тэгсэн албаны машинаар адуу ачсан гээд донгодуулах нь тэр. Моринд дуртай юм болохоор зүгээр сууж чадахгүй ээ. Морины сунгаа хийж байсан аймгийн төлөөлөгч ирдэг юм байна. Тэгэхээр нь морины хөлс хусчихаарай гэж хусуураа өлгөчихөөд холоо очоод суудаг тийм л үе байлаа. Энэ мэт асуудлаас болоод өвгөн хүрэн азарганыхаа үед ийш тийшээ явж наадаж чадаагүй. Хоёр жил уяад сумандаа нэг түрүүлгэж, Заамарт нэг айрагдуулаад хөлийг нь болиулчихсан юм.