Домог, хууч яриа

Дөрвөлжингийн Цэдэвийн хээр морь

Монгол улсын аварга хоньчин Довчингийн Цэдэвийн хээр мөн л улс даяар алдаршсан морьдын нэг. 1995 оны Сар хайрханд айрагдаад, 1997 оны Дэлгэрийн даншигт уралдаж түрүүчийн тасарч эргэсэн морьдын өнгөнд явж байгаад эндсэн хэмээдэг. Тэр жил Д.Цэдэв гуай нутгийн гал уяанаас урдуур Говь-Алтайн төвөөр дайрч Дэлгэрийг зорьсон. Таана хөмүүл зонхилсон говийн ургамалтай газар түмэн эх хээр моринд нэг л болж өгөөгүй хэмээдэг. Дөрвөлжингийн үндсэн галынхан хойгуур голоо дагаж Дэлгэрт ирж сайн наадсан юм. Б.Галрагчаа ах “Ёстой л онцгой хурдан морь гэдэг тэр дээ. Өмнө нь сумандаа түрүүлсэн өөр нэг сайн хээр морь байсан. Тэр даншигт айрагддаг хээр морь бол айраг түрүү алгасч үзээгүй хүлэг эрдэнэ” гэсэн юм. Д.Цэдэв Дөрвөлжин сумын Онц багийн хүн тул газрын ойрыг татаж Ховдын Чандмань, Дөргөн, Увсын Завхан сумд руу явж сайн наадаж байв. Хонь, тэмээ олонтой, хурдтай ийм л айл байлаа. Даншигийн хээр морь хатингар том толгойтой, хөтгөр шилтэй, богино огцом сэрвээтэй хулан хараа буюу хулан язгуурын шинжийн хүлэг байжээ.