Домог, хууч яриа

Хадаа багшийн хонгор халзан

Нэгэн хонгор халзан хүлгийн үндэсний их баяр наадамдаа хязаалан түрүүлгэж, соёолон болон нийлсэн насанд айрагдуулсан Будваагийн Хадбаатар Завхан аймгийн Сантмаргац сумын хүн юм. Монголын хурдан морины цуваанд Гачууртын хэмээн бичигдэн үлдсэн энэ багш хүн Хурцын шаргын удамт хурдан халзан морио их наадамд гурав цоллуулсан хийморьтой эр.  1948 онд Барга отгийн нутаг Мөнхөт хонгорт төржээ. Дархан хотын политехникумын цахилгааны, УБДС-ийн зураг хөдөлмөрийн анги дүүргэсэн. Хорь гаруй жил багшилсан. Сантмаргац сумаас улсын наадамд морь сойж түрүүлгэсэн анхны уяач. Өөрөө ч “Би багш хүн, сэхээтэн амьдралдаа дуртай. Хурдан морийг зөвхөн малчин хүн уядаг хэмээх ойлголтыг буруу гэж боддог. Мал маллаж яваагүйдээ тэр үү, морь худалдаж авч уялаа хэмээн зэмлүүж ч явлаа”  хэмээн өгүүллээ.

 Хадбаатар сурагч болохын урьд жил хурдан морь той болмоор санагдаад, гэр дотроо шаггүй наймаа хийжээ. Төрсөн дүү Цагаанбаатараасаа хул гүүнийхээ даагыг ахдаа зарчих? хэмээн гуйхад тэр үнэрхжээ. Өөрийн нэртэй хар морь, шар хээр байдас, эмээл, шинэ даалимбан дээлээ өгч байж салгаж амжлаа. Ийм үнэтэй даага хаана байна?

гэж аав ээж нь дооглоод өнгөрчээ. Хул даагаа сурган наадамд уралдахад саахалт газар түрүүлэн барианд орсноос хойш хавчиг хүртлээ магнайллаа. Түүнээс хойш давхиж, айрагдсаар 32 нас хүрч, Их Монголын элсэнд тавьжээ. Жүүжээ хэмээх хүнээс бор даага 60 төгрөгөөр, бас Галбазарын цагаан гууний бор даагыг худалдан авлаа. Галбазараас авсан бор даага хожим Арьхад баатарын бор хэмээх зартай хурдан хулэг болжээ. Тэр сургууль соёлын мөр хөөсөн ч гэлээ морь уяхгүй жил өнжсөнгүй. УБДС төгсөж, нийслэлийн Гачууртын САА-н сургуульд багшилж морь шинжин хорхойссоор байлаа. Нэгэн жил хүү Ганчанагийн сэвлэг үргээхдээ «Хүүдээ хурдан морь бэлэглэе!» гэж ам алдлаа. Хурдан бүү хэл, огтоос адуугүй түүний сэтгэлд морь худалдаж авах хүсэл төрлөө. Санаанд тохирсон адуу үл тааралдана. 1986 оны өвөл морины хорхойтон хэдэн нөхдөө элсүүлж, унаа хөлслөн Хэнтий явж, Галшарын хурдан хүлэг олж ирэхээр зорилоо. Тэд гурав хоногийн турш хэсэхэд лавтайяа дөрвөн мянган адуу тааралдлаа. Хадбаатар нэгэн сонин сүрэгтэй таарч, бүтэн өдөр явган дагаж нөхөд нь орой хайж байж олжээ. Уул сүрэг 17 гүү, 17 шүдлэн, 12 хязаалан, 17 унагатай, нэг азаргатай ажгуу. Эзнийг сураглаваас тэнд отор хийж яваа Төв аймгийн харьяат хожмын манлай уяач Гаанжуурын Сундуй байв. Сундуйд ирж, танай адууны хонгор халзан үрээг зарах уу, зарвал үнэ хэлнэ үү? гэхэд эзэн нь дуугүй сууснаа 3500-аар авбал ав гэлээ. Одоо хүйтэн, мал туранхай байна. Хавар тавдугаар сард ирж авна гээд гарлаа. Нөхөд нь гадаа гараад: Хадбаатар аа, чамайг үрээндээ хорхойсож буйг мэдээд эзэн нь их үнэ хэлэв. Одоо сайн үрээ 800-1000 төгрөгийн үнэтэй байна шүү дээ гэлээ. Тэр дуугарсангүй. Ийм явдал болсноос хойш Хадбаатар хонгор халзан үрээгээ сэтгэлдээ эргэн шинжиж, өдрийн бодол шөнийн зүүд болсоор хавар очиж авлаа. Тэр өгүүлрүүн:

-Намайг хол газраас зүтгэн очиход хонгор халзан үрээ маань гаднаа уяа шөргөөн зогсож байсанд олзуурхаж, нар жаргахаас өрсөж эзэнд нь хадаг, шил архи, 3500 төгрөг бариад, үрээгээ оосорлож, магнай зоог гуйлгэн илээд уялаа. Тэндээс тарган морь худалдан авч унаад, бас нэгэн шарга шүдлэн нэмж, хоёр үрээгээ тааваар нь хөтлөн алхуулсаар ирж билээ. Хамгийн түрүүн ногоо гарсан газар сураглан, Сэлбэд майхан барин нутаглаж, үрээгээ цатгаж, уналганд сургалаа. Тэр зунаа буюу Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор хязаалан насандаа хонгор халзан үрээ маань түрүүллээ. Түүнээс хойш соёолондоо хоцорч гараад, туулж уралдан айрагдлаа. Мөн улс хувьсгалын 71 жилийн ойгоор айрагдсан.

-Айлын адуунд яваа, өвөл цагийн үсэндээ баригдсан үрээг яаж хурдан гэж шинжив? Ажиглаж чадвал адууны эрдэм тодорхой байдаг даа. Хонгор халзан манай Сартуул шүтээн Балданлхамо бурханы унаа баймаар билгийн зүстэй, хөлийн гишгэдэл хол, борви тойг, ээрцэг сайхан бядтайн шинж бүрэн, талхи өргөн, их идэж, бага баадаг, үнэрч гярхай, нүд хүрэн улаан, сормуус урт сүүлний багсраа зөв гэхчлэн хурдны шинж төгс, эхийнхээ сүүнд бүрэн цадсан битүү үрээ байлаа. Уяад ажиглахад хөлийн тавьц хурдтай, их сунгаанд дөрөвт ирж, ид хурдны торгон ир орсон нь харагдсан. Нэг уяаны анд инженер Наранцагт бид хоёр наадмын урьд шөнө хээр хонож байхдаа 3 цагт би үрээгээ уургалан аваад, чи морио цатга, би явлаа гээд буцсан. Өглөө нь сүүлий нь шууж байхдаа «Миний морь өнөөдөр Буянт ухаа руу ганцаараа тонгойхнээ!» гэхэд, найз маань «Чи тэгэж бардамнаж болохгүй. Дөрвөн уул мэднэ. Ажилд ганзага нийлнэ, морьд уяа уяагаа дагана гэсэн үг бий. Морьд маань давхина» гэлээ. Үнэхээр миний хонгор халзан түрүүлж, түүний морь айрагдаж билээ.