Дотоод мэдээ

Засаг төрийн зандан ширээ

1950 оны өвөл Ж.Шийтэр зээрд даага худалдаж авсан нь хожмоо “Засаг төрийн зандан ширээ” хэмээн алдаршжээ. О.Санжаабүүрэг гуайн гурван азарга адууг малласныхаа хөлсөнд хурдан цавьдар азарганы үр төлөөс авахаар тохиролцож, Говьсүмбэр аймгийн нутаг алдарт Малхын талд отроор өвөлжөөд хавар айлуудын адууг тараан хөлсөө авахдаа цавьдар азарганы хүрэн зээрд хоёр дааганаас сонгохоор болжээ. Тухайн үед нутгийн өвгөн Жамц зөвлөснөөр Шийтэр сонголтоо хийсэн гэгддэг.

Хаврын урь орж, цас хайлж, энд тэндгүй шар усны хоржигнох чимээ сонсогдоно. Үе үехэн салхин хуйларч, тэнгэр муухайрах хаврын энэхүү өдрүүдэд ж.Шийтэр жижигхэн биетэй, битүү шар үстэй даага хөтөлсөөр гэртээ очжээ. Тэрхүү зээрд даагыг хэн ч харсан “Хурдан” гэж хэлэхээргүй. Харин Ж.Шийтэр “даахитай даага хурдан. Энэ хүлэг олон наадамд түрүү магнайд хурдалж, торгон өргүүлнэ” хэмээн битүүхэн горьдсоор. Эзний бодол, найдлага оргүй хоосон байсангүй. Дараа л жил зээрд шүдлэн насандаа их өсгөлүүн, ааш гэж тамтаггүй булгидаг байж. Тиймээс нутгийн хүмүүс “Догшин” зээрд гэх нь олонтой. Ямар сайндаа уралдаанд унах хүүхэд олдохгүй. Уяачид Ж.Шийдэрт хандан “Эмнэг юм уясан болж “Хүүхэнд хөнгөдөж моринд хүндэдсэн” асман банди нар ацаглаж унуулах мөнгөөрөө арай эвтэйхэн эвлүүлж болмоор ганц нэгэн номхон юм олж уявал дээргүй юу” гэдэг байжээ. Гэвч Ж.Шийтэр олны элдэв үгийг үл тоон хурдан хүлгэтээ найдлага тавин уяж, сойсоор байлаа.

1954 оноос зээрд азарга тухайн үеийн онц хурдан азаргануудын нэг болох Төв аймаг Баянцагаан сумын Гомбосүрэнгийн туулай хээр, алдарт Даваанээрэнгийн хүрэн халзан, Дамдинжавын хонгор, Даваасүрэнгийн хонгор Галшарын домог болсон Бөгөн хул, Одон улаан гэх хурдан азаргануудын эрин үед цойлон амжилт үзүүлэн улсын наадамд дөрөв түрүүлж гурав аман хүзүүдсэн амжилт үзүүлсэн билээ.

Энэ тухай Ж.Шийтэрийн хүү Цэвээнбальдар дурсахдаа “Манай зээрд азарга биеэр дунд зэргийн урт хатангир толгойтой урт хүзүүтэй, сэрвээ өндөр бөгсний их цаана давхихаараа дэл нь шаширлаж босоод байгаагаасаа их томорч харагддаг. Хүмүүсийг үнэр болон дуугаар нь таньж, их ялгаж ааш үзүүлдэг эргээд бодоход эрх ч юм шиг ааш нь дэндсэн ч юм шиг ер бусын ухаалаг амьтан байж дээ” гэсэн байдаг.

1954 онд: Аман хүзүү

1956 онд: Түрүү

1957 онд: Аман хүзүү

1958 онд: Түрүү

1959 онд: Аман хүзүү

1960 онд: Түрүү

1962 онд: Түрүү