Завхан нутгийнхан энэ долоо хоногт гурван түрүү авлаа
Өнгөрөгч долоо хоног үндэсний бөхөөр амьсгалсан долоо хоног байсан юм. Лхагваас баасан гарагт үндэсний бөхийн өсвөр үеийн 61 дэх удаагийн улсын аваргын тэмцээн гурван насны ангилалаар зохион байгуулагдаж, Залуучуудын улсын аварга, Булганы Сайханы 100 жилийн ойн барилдаан, сумын цолтны 118 дахь удаагийн барилдаан тус тус өргөөнд болж өнгөрлөө. Энэхүү таван барилдааны гуравт нь Завхан нутгийн бөхчүүд түрүүлж гарамгай амжилт гаргалаа.
Өсвөр үеийн улсын аваргын 18 насанд Эрдэнэхайрхан сумын харьяат Монхорын Дармаабазарын хүү Нарантулга гурав дахь алтан медалиа авсан бол залуучуудын насанд Баянхайрханы Батбаярын Сундуйжав түрүүлсэн. Харин бямба гарагт болсон улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Яруу сумын харьяат улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлсэн билээ.