Дотоод мэдээ

2013 онд улсын цол хүртсэн уяачид

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж XVII жарны “Тийн ялгуусан” хэмээх Харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:

1.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай констракшн” компанийн захирал, “Од” галын Улсын Манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ /улсын  наадам, бүсийн уралдаанаас нийт 7 түрүү, 18 айраг авсан амжилтыг үзүүлж, үүний 10 нь дээд нас буюу азарга, их насны морь түрүүлгэж, айрагдуулсан/,

2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, “Богд хан” галын Улсын Манлай уяач Агваасамдангийн Батсүх /2012 онд улсын наадам болон төвийн бүсийн уралдаанд соёолон морь түрүүлгэж байсан уяач бөгөөд 9 түрүү, 28 айраг авсан амжилтаар/,

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛООР:

1.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, “Авзага” галын олноо “Дааган” хэмээх уяач Цэрэндэжидийн Цэнд-Аюуш /улсын наадам болон бүсийн уралдаанаас 2 түрүү, 12 айраг авч үүний 7 дээд нас буюу азарга, их насны морь түрүүлгэж, айрагдуулсан/,

2.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Улсын Алдарт уяач Бат-Өлзийн Отгоннасан /улсын наадам, бүсийн уралдаанаас 2 түрүү, 10 айраг авч үүний 6 дээд нас буюу азарга их насны морь түрүүлгэж, айрагдуулсан/,

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛООР:

1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, “Авзага трейд” компанийн захирал, Монгол Улсын гавъяат барилгачин, уяач Пүрэвийн Мэндбаяр /улсын наадам болон бүсийн уралдаанаас 4 түрүү, 11 айраг авч үүний 5 нь дээд нас буюу азарга, их насны морь айрагдуулсан/,

 

2.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын суугуул, “Хангайн хурд” галын Аймгийн Алдарт уяач Дэмбэрэлийн Дэлгэрбаяр /улсын наадам, бүсийн уралдаанаас 8 айраг авч үүний 4 дээд нас буюу их насны морь айрагдуулсан/,

3.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Туваанжавын Гантөмөр /улсын наадам болон бүсийн уралдаанаас 1 түрүү, 10 айраг авч үүний 5 дээд нас буюу азарга, их насны морь айрагдуулсан/ нарыг тус тус шагнаж урамшуулав.