П.Ганзоригийн хүрэнгүүд
Завхан нутгийн нэрт уяач П.Ганзориг хоёр алдарт хүрэн адууныхаа талаар Тод магнай сэтгүүлд ийн яриа өгчээ.
...2008 онд зүүн аймгууд руу явж адуу үзсэн ч сэтгэлд таалагдсан адуу таараагүй. Тэгээд Өлзийт хорооллын адууг үзэж байтал яруу найрагч Лутбаяр надад “манай найз хоёр адуу зарна гэнэ. Үзэх үү” гээд санал болгосон. Тэгээд жүчээнд нь яваад очтол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Энхбат гэдэг залуу хоёр үрээ зарах гээд уячихсан байсан. Эхлээд нэгийг нь зарна гэж байснаа нэлээд ярилцсаны дараа “моринд сонирхолтой хүүхэд байна. Хоёуланг нь ав” гээд хоёр хүрэн үрээ өгсөн юм. Унах хүүхэд ч үгүй, уях уяач ч үгүй байж нөгөө хоёр хүрэн үрээг авчихлаа. Тэгээд нутагтаа ирэнгүүтээ Сэнгэсамба найздаа хоёр үрээгээ аваачиж өгсөн. Юмны бэлгэдэл гэдэг сонин юм билээ. Хар нуурын орчим Бэлчир гэдэг газар байсан найзындаа очтол манайд нэг хүүхэд бий. Түүгээр морио унуулчих гэж байна. Тэр хүүхдийг нь Адъяа гэдэг, өмнө нь хонины морь л унаж байсан юм байна. Тэгээд “чи унаж чадах уу” гэсэн “чадна” гэж байна. Ингээд би унаач хүүхэдтэй болчихлоо. Уяачийн хувьд ямар хүн байхав гээд ламаас асуусан “Сэнгэсамбаараа уяул” гэсэн юм. Эрдэнэхайрхан сумын баяр наадамд тавьж хүрэн хязаалан нь км шахуу хол түрүүлж, шүдлэн хүрэн нь туугдаж байхдаа үргээд морьд эргээд км гаруй явчихсан байхад араас нь гарч идсээр байгаад 500-600 метрийн зайтай түрүүлж байсан.
Хүмүүс гайхаад л “шүдлэнд соёолон үрээ, хязааланд их насны морь авчраад тавьчихаж, ийм хурдан адуу гэж ямар юм байдаг юм” гэж гайхаад шүдийг нь үзээд байсан. Том хүрэн нь Дорнод аймгийн Матад сумынх, бага хүрэн буюу азарга нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу. Гэхдээ зүс, тамга ижил. Сумын баярын дараа давхар уяагаар аймгийн наадамд ирээд мөн хол түрүүлсэн. “Сонор трейд”-ийн захирал Энхболд надад 13 настай цавьдар морь бэлгэнд өгч, маргааш өглөө нь цавьдар морь мөн л км гаруй ганцаараа тасраад явчихлаа. Тэр үед надад “морь гэдэг ингээд л давхичихдаг юм байна. Ингээд аймгийн баяр наадмын гурван түрүүг авдаг байх нь ээ, сонин юмаа” гэсэн бодол төрж байсан. Манай аймаг баяр наадмаа Монголын нэртэй том давааны нэг Ганцын давааны оройд хийдэг юм. Зүүн талын адуу газрын өөд хэдий их тасарчихсан ч суудаг юм билээ. Тэгээд наймаар орсон.
2009 оны “Очирваанийн хурд” хангайн бүсийн наадам Тэлмэн суманд болж газар газрын хурдан хүлгүүд, Даваахүү, Онон, Дуламсүрэн нарын Халхын том уяачид ирсэн байлаа. Хүүхэд моринд тэгтлээ дадаагүй, бартаа таарахаар амыг нь татчихаад байдаг байсан юм. Том хүрэн 280 хязааланд уралдаж, гарсан цагаасаа л цээжинд яваад байдаг. Хүүхэд нь бартаа таарахаар амыг нь татаад явуулдаггүй, тэгсээр цагаан зам дээр тавьж, хоёр эрлийз үрээний ар дээр орж байсан юм.
Бага хүрэн үрээ нь төхөөрөмж дээр үлдчихээд зүтгэсээр байж 220-230 үрээнээс долоогоор давхиж, цавьдар морь 18-аар орж байлаа. Тэр жил их морь 380 хэд мордсон байх. Бага хүрэн нь даагандаа Төв аймгийн Баянцогтын наадамд түрүүлсэн юм билээ. Тэгээд улсад тавих гэтэл хөл нь болоогүй юм гэсэн. Том хүрэн нь ч гэсэн хурдан байгаад улсад уралдуулж чадалгүй, намар наймдугаар сард шилмэл шүдлэнгүүдийн уралдаанд тавиад аман хүзүүдсэн.
2010 онд Эрдэнэхайрхан сумын Харганы салааны овоог жил бүр тахидаг юм. Тэр тахилгат миний гурав гурвуулаа дээр нь Сэнгэсамбын маань азарга түрүүлээд, бид хоёр дөрвөн түрүүг нь хуваагаад авчихдаг юм. Гурав хоногийн дараа сумын баяр наадам болоход дахиад дөрвүүлээ түрүүлж, Сэнгэсамба бид хоёр ёстой нөгөө цээжээ дэлдэнэ гэдэг нь болж байлаа.
Тэгээд наашаа аймаг руу ирж явахдаа шөнө адуугаа алдаад, наадмын урд шөнө нь олж авдаг юм. Өглөө нь хязаалан уралдаанд бага хүрэн ганцаараа тасарч яваад сууж арваар орчихлоо. Соёолон хүрэн мөн л ганцаараа тасарч яваад бариан дээр суугаад аман хүзүүдсэн. Тэр наадам их том сургаж болсон шүү. Ер нь уяач хүн олон газар явж юм үзэх хэрэгтэй юм билээ. Говь-Алтайн баруун бүсийн даншигт явж байхад миний соёолон ямар ч морьтой үсэргэсэн хол түрүүлж байсан. Тэгэхээр нь “энэ түрүүлэх нь ойлгомжтой” гэж бодож байтал наймаар давхисан. Яасан гэхээр Говь-Алтайн тэр их чулуунд үрээний маань гахай нь хууларч эргээд хөл рүү нь чулуу орчихсон байсан. Адуу гэдэг үнэхээр тэвчээртэй юм билээ. Тийм болчихсон хэр нь зүтгээд л байсан. Түүнээс нь сургамж аваад бага хүрэнээ мордуулаагүй. Долоо хоногийн дараа Дөрвөлжингийн сургуулийн 80 жилийн ой болж, хоёулаа хол тасарч түрүүлсэн. Хүн гэдэг амьтан үргэлж илүүд тэмүүлж байдаг болохоороо 2-3 жил морьд түрүүлээд ирэхээр омогшиж бардамнаад айраг гэдгийг сонсдоггүй, дандаа түрүүнд тэмүүлдэг болдог юм билээ. Түүнийг нь дагаад морь ч ир ороод байх шиг санагддаг шүү. Би хоёр хүрэнийхээ буянаар моринд их шургуу орж, нэлээд ч хөрөнгө зарсан даа...
Тодмагнай сэтгүүлээс