Нийслэлийн өдрийн барилдаан болно
Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан 10 дугаар сарын 27-ны ням гарагт Монгол Бөхийн Өргөөнд болно.
Цар хүрээ, нэр хүндийн хувьд улсын баяр наадам, сар шинийн дараа орохуйц байсан энэхүү барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, улсын аварга Д.Сумьяабазар, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди Д.Рагчаа, И.Доржсамбуу нарын бөхчүүд түрүүлж байжээ. Мөн дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ нар үзүүр булааж байсан нь барилдааны цар хүрээг харуулах үзүүлэлт юм.
2011 оныг хүртэл жил бүр шахам зохион байгуулж байсан уг барилдааныг 2014 онд дахин нэг удаа зохион байгуулсан бөгөөд 2019 онд 380 жилийн тэгш ойг тохиолдуулан зохион байгуулж байсан юм.