АА уяач Н.Чилхаасүрэн: Миний хүрэн морь аймагтаа дөрөв аман хүзүүдсэн, 66 медальтай
2014 онд Говь-Алтайн нэрт уяач Н.Чилхаасүрэнтэй хийж байсан ярилцлага.
Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат АА уяач Нямбуугийн Чилхаасүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Аймгийнхаа баяр наадамд долоон жил дараалан айрагдаж, түүний дотор дөрөв аман хүзүүдсэн алдарт хүрэн морины эзэн энэ залуу зүүн зүгээс Алтай руу адуу зөөсөн анхны хүмүүсийн нэг юм.
-Удам судраас тань яриагаа эхлэх үү дээ. Аавыг тань бас нэртэй сайн уяач гэдгийг Алтайн нутгийнхан хэлдэг?
Манай аав, өвөг эцэг аль аль нь удамтай судартай уяач нар. Манай аав улсын сайн малчин Чулууны Нямбуу гэж хүн байна. Одоо ч бидэндээ мал маллах, морь уях гээд амьдралын их ухаан заасаар зөвлөсөөр явна. Өвөг эцгийн маань сайн хул морь 60 аад онд их хурдалж өтөлсөн хойноо аймагтаа түрүүлсэн. Aавын дүү Жанцан гэж сайн уяач хүн байсан. Аав авга хоёрын эх нэгтэй хоёр сайн халтар морь байжээ. Хоёулаа угсраагаараа айрагддаг боловч ер түрүүлж өгөхгүй байсан гэдэг. Баянхонгорын Баян-Овоод оторт явж байгаад хоёр халтар морийг алдаж, ах нь буюу аавын маань халтар нь гүйж ирээд 1972 онд 18 настайдаа Говь-Алтай аймагт түрүүлсэн юм.
Удамт уяачийн хүү, хэдэн наснаасаа морь гардан уяж эхлэв?
Гардаж уясан анхны аймгийн наадмын айргийг 1989 онд авсан юм байна. Бигэрийн сум нэгдлийн дарга байсан Даржаагийн Пүрэвдорийн хурдан халзан азарга тэр жил даага түрүүлж, миний хул даага гуравт давхисан. Тэр хулын ах шарга морийг даага байхад нь би өөрөө унаж аймагтаа аман хүзүүдэж байсан түүхтэй. Пүрэвдоржийн халзан чинь аймагтаа дөрөв түрүүлсэн юм шүү дээ. Даага шүдлэн, зургаан , найман настай түрүүлж, хэд хэд айрагдсан. Хязаалан соёолондоо уралдуулж чадаагүй болохоос бас л гарцаагүй түрүүлэхээр байсан. 1995 оны Сар хайрханд айрагдсан, 1997 оны Дэлгэрийн даншигт уяа алдаж хойгуур орсон байх.
Тэр хул даага айрагдуулж байх үеийн уяа, одооны уяа хоёрт асар их ялгаа байж таараа, харин адууны хурд хэр өөрчлөгдсөн бэ?
Өө газар тэнгэр шиг ялгаа бий. Харин хурдны хувьд бол чанарын ялгаа байхгүй байхаа. Уяа сойлгоны арга барил бол их өөрчлөгдсөн. Урьд ч өрсөлдөөн, нарийн уяа засал, мэдрэмжийн юмнууд байсан. Нэгдэл нийгмийн их ажилтай наадам л цөөхөн учир адууг нимгэлэх нь бага таргандуу л уягдаж байсан.
Таны алдартай хурдан хүрэн морь байдаг, таниар овоглохоос илүү таныг овоглох болсон энэ хүлгийнхээ талаар яриач?
Миний хүрэн морь чинь 1996 оны унага. Эцэг тал нь түрүүний хэлсэн 18 настайдаа аймагтаа түрүүлсэн хурдан халтар морины цустай, эх нь манай Тайшир сумын АА уяач Үйсэрийн Лхагва гэдэг хүний адуу. Хурдан хул хонгор адуутай Киа гэдэг хүний гаралтай гүү гэж ярьцгаадаг. 1994 онд би есөн настай эрмэг гүү аваад хоёр жилийн дараа эр хүрэн унага гарсан нь олон жил намайг баярлуулах хувьтай байж. Надад ирээд ер нь тэр гүү гурав унагалсан. Хүрэн мориноос бусад нь охин төл өгсөн, тэднээс гарсан морьд ч бас орон нутагтаа хурдан л байна.
Дааганаасаа л уягдаж эхэлсэн байлгүй?
Тэгсэн. 1997 онд даагандаа их хурдан байлаа. Тайшир сумандаа их хол түрүүлж ирээд тугны гадуур орсон. Барьчих болов уу гэж бодоод хөлсийг нь хусаад дуусч байхад дараагийн дааганууд ирж байлаа. Зурхай гишгээгүй болохоор яаж ч болоогүй хасагдсан. Харин шүдлэндээ сумандаа сайн түрүүлсэн. Тэр үед наадам ч олон байгаагүй, сум аймгийн наадам давхцдаг. Жилдээ ганц л нааддаг үе. Хязааландаа Говь-Алтай аймагтаа уяж ирээд зургаалсан.
Аймагтаа хэзээнээс уягдаж эхлэв?
Тухайн үед чинь сунгаан их өргөн болдог байсан, өнөөдөр сунгааныг бэсрэг наадмууд орлох болоод байна. Манай аймаг Шаврын гол, Хадаасан, Цагаантолгой гэж гурван газар сунгаад аймагтаа цуглаж наадна. Шаврын голын төв сунгаанд их хол түрүүлж, баярын совин татуулж эхэлсэн.
Наадмын өнгө тодорхойлж байгаа сунгаанд хурдан байгаа морины эзэнд мэдээж найдлага төрж л таараа?
Хүрэн соёолонгоо нэлээд дээгүүр ч давхих болов уу гэж горьдож байсан. Харин наадмаар морь дагаж чадаагүй. 200 гаруй үрээ мордлоо. Барианаас есөн км-ийн зайд хүлээж байгаад тоолтол эхний зуу гартал байдаггүй. Тэгсэн цуг явсан манай бүл ах “Чи л малаа таньсангүй өнгөрөөд явчихаа биз” гэж загнаад машинд суутал яг хажуугаар их ширүүн хөлтэй өнгөрсөн. Тэгээд тэр жилээ долоолсон. Хавчигтаа харин Тайширтаа нэг км 600 гаруй метр хол түрүүлсэн. Тэр жил гойд хурдан байсан, тав уягдаж тав түрүүлсэн. Тэр цагаас хойш жилд 5-10 уягдаж байсан даа. 2007 онд юм даа. 10 уягдаж долоо түрүүлж, аймагтаа аман хүзүүдэж, Отгонтэнгэрийн тахилгад хол түрүүлж яваад хүүхдээ унагаж байлаа. Тайшир сумандаа бол тав очоод дөрөв түрүүлж нэг аман хүзүүдсэн.
Дараа дараагийн жилүүдэд хүрэн морь чинь аймагтаа хэрхэн уралдав?
Миний хүрэн морь чинь аймагтаа долоон жил дараалж айрагдсан юм байна. 2006 онд Алтайн даншигт 7-д хурдалсан. МУ-н алдарт уяач Туваанжавын Гантөмөр гуайн сарт гэж зүүн зүгийн угшильтай сайн хээр морь байлаа. Сарттай таван жил уралдсан. Сарт чинь аймагт дөрөв түрүүлж нэг айрагдсан. Тэр жилүүдэд миний хүрэн гурав аман хүзүүдэж, гуравт нэг, дөрөвт нэг удаа давхисан.
Сартад гурав цохдуулахад дийлэх боломж байгаагүй гэж үү?
Нэг жил сарт сайн хөнгөрөөгүй ч байсан юмуу уяа олигтой эвлээгүй ч юм уу, миний хүрэн Шаврын голд их хол түрүүлж байсан. Тэгэхэд л түрүүлэх байсан болов уу. Гэтэл наадмын урд өдөр алдаад маргааш өглөө нь цатгалан мордуулж Баян-Уулын Дахаагийн (Далхсүрэнгийн) бор морь түрүүлж, хүрэн маань ар дээр нь ирж аймагтаа дөрөвдэхээ аман хүзүүдсэн.
Энэ жил хүрэн морь хэр наадав, нийт хэдэн медальтай вэ?
Энэ онд хоёр л уялаа 17 настай хөгшин морь олон уяж зовоогоод ч яахав. Аймагтаа аравт хурдалсан, Аймгийн цагдаагийн байгууллагийн 70 жилийн ойд тавд хурдлах шив дээ. Медалийг би тоолж үзсэн 66 болж байдаг шүү.
Таныг зүүн талаас нэлээд адуу зөөсөн гэдэг, авчирсан адуу ч нэлээд хурдалж байгаа сурагтай?
Сүүлийн дөрвөн жил Сүхбаатар, Хэнтий, Дорнод явж адуу авчирч байна даа. Зөөсөн бүхэн л нутгийн улсуудад очиж хурдалж байгаад ах нь сэтгэл хангалуун байдаг.
Анх Хэнтийн Галшарын "Цагаан" Наваандэндэвийн Нацагдорж гэдэг хүнтэй сайхан танилцаж хэдэн адуу нутаг руугаа зөөсөн. Аймаг сумандаа дөрөв түрүүлсэн хавчиг соёолон халзан азарга ирсэн. Манай хүргэн Загддоржид ирж энэ жилийн Баян-Өлгийн баруун бүсийн даншигт айрагдсан, аймагтаа зүй ёсоор эхний тавд нэрлэгдэж байна.
Сүүлд Галшарын Уртын Гонгор гуайтай танилцаж хэдэн адууны наймаа хийсэн, ирээд мөн л сайхан давхицгааж байна. Өнгөрсөн жил Гонгор гуайн дүү Дамдинжавын хүргэн Очиржаваас Толин хулын цустай хонгор даага авчирч Ховдын ой, сумдын наадмуудад олон түрүүлээд байна.
Энэ жилийн баруун бүсийн даншигийг харахад Говь-Алтай, Өвөрхангайчууд тун давамгай наадаж байна. Хэдэн жилийн өмнө энэ хоёр аймаг нутаг дээрээ болсон даншигаас хэдхэн айрагтай л үлдэж байсан санагдана?
Манай аймгийн адуу бол мундаг сайн болсон гэж үзэж байгаа. Их ч зөөж байх шив. Хаа ч очоод уралдсан өнгөнд харах л байх. 2006 онд Алтайн даншигт зүүн зүгээс авчирсан хоёр гуравхан адуу л нутгаасаа айрагдаж байсан. Улсын алдарт уяач Б.Жамсранжав гуайн Заамар гаралтай хээр азарга, Ж.Энхсайханы ягаан, Сүхбаатарын мөнгөн хошуут л орсон байх. Гэтэл энэ жил Алтайчууд Баруун бүсийн даншигаас 3 түрүү 9 айраг уусан. Энд таван сайн адуу айрагдахад, маргаашийн наадам дээр бас л таван сайн адуу нэмэгдээд ирчихсэн уралдаж байдаг. Өрсөлдөөн ч ширүүсч байна. Энэ олон хурдны удам цаашдаа энд унаган хурд тарьж таараа.