Бямбашижээгийн хүрэн
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумнаа болсон Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазарын түмэн мэлмий гийсний 360 жилийн ойн их даншиг наадамд газар газрын 300 гаран алтан туурт азарганаас тухайн жилийн улсын баяр наадмын азарганы уралдаанд үндсэндээ түрүүлээд ирсэн Хорлоодойн хурдан харыг дийлж энэ даншигт түрүүлсэн Эрдэнэсантын Моломын Бямбашижээгийн хүрэн азарга. Улсын баярын азарганы уралдаан будлиантай болж, хүчингүй болсон уралдаанд Сэлэнгийн Баруунхараагийн Хорлоодойн Мягмардоржийн хар, Налайхын Дамдинсүрэнгийн Гарамжавын өсгий цагаан хар азарга хоёр түрүү, аман хүзүүнд хурдалсан юм. Энэ хоёр хар азарганы аль нэгийг нь өндөр гэгээний өндөр довонд түрүүлнэ гэсэн наадамчид олон байлаа. Тэгж тааварлах нь арга ч үгүй биз. Х.Мягмардоржийн хар азарга улсын наадамд түрүүлээд хасагдчихсан, Д.Гарамжавын өсгий цагаан хар азарга 90 оны улын наадамд шүдлэн түрүүлээд, МНТ-ны 750 жилийн ойд аман хүзүүдэж, 92 онд дутуу эргэлтэнд түрүүлж, 93 онд зургаан настай хавчиг азарга айрагдаад, 94 онд аман хүзүүдээд 95 оны будлианд мөн аман хүзүүдчихсэн ид жагсаж яваа азарга. Азарга мордохын өмнө наадамчдаас "ямар азарга өнгөнд уралдах бол" гэж асуухад хүн болгон л "бараан азарга түрүүлнэ" гэж хариулж байсан гэдэг.
Их уяач М.Бямбашижээ хожим хурдан хүрэн азарга гарцаа байхгүй Туулын унага хэмээн ярьж байсан юм. Эрдэнэсантын Бямбашижээгийн хүрэн азарга Хорлоодойн Мягмардоржийн харын буруу талд хошуу өлгөн орж түрүүлсэн юм. Бямбашижээ уяач хүрэн азаргаа соёолонд нь худалдан авч хавчиг зургаан насанд нь 9 хоногийн уяатай Эрдэнэсант сумандаа түрүүлгэсэн. 1993 онд Эрдэнэсантын 70 жилийн ой тохиолоо. Бямбашижээ уяач долоон настай хүрэн азаргаа өнжөөж чадалгүй /тэсэлгүй/ уяжээ. Наадмын өмнөх уртын сунгаанаар Хөдөлмөрийн баатар Лувсанцэрэнгийн нэрэмжит уралдаан болоход сайншуухан аман хүзүүдсэн хүрэн азарганыхаа хорон хөлсийг авалгүй 70 жилийн ойдоо мордуулахад дахиад аман хүзүүдсэн гэдэг. Сунгаанаас наадмын хоорондох хорон хөлсийг аваагүйн учир нь "долоон настай азарга түрүүлэх тийм ч сайн биш" гэж хуучны улсууд ярьдагийг бодолцож үзсэн хэрэг байжээ. Хүрэн азарга ч тооцоолсон ёсоор түрүүлээгүй аман хүзүүдсэн байна. 94 онд найман настай азарга сумандаа түрүүлж, Өндөрширээтэд мөн түрүүлээд өвөл нь Булганы Дашинчилэнд түрүүлсэн байна. 95 оны өнөдр гэгээний их даншиг наадмын өмнө Лүн сумын түмэн адууны баярт дутуу уяатай нэлээн тарган уралдаж түрүүлээд, давхар уяандаа ийнхүү тэнцэж өндөр гэгээний өндөр довонд түрүүлсэн нь байна. Улмаар хүрэн азарга 1997 оны улсын их баяр наадамд айргийн таваар хурдалж, Хан уулын ар Хатан туулын хөвөөнөө хурдан хурцаа дахин гайхуулсан түүхтэй.